Хоригдлуудыг суллаж болох ч тэднийг яаж нийгэмшүүлэх вэ

Гэмт хэргийн тухай хууль болон Зөрчлийн тухай хууль батлагдан мөрдөгдвөл одоо ял эдэлж байгаа хоригдлуудын 30 хувь нь суллагдаж, 68 хувийнх нь ялын хэмжээнд өөрчлөлт орно.

Гэмт хэрэг хийгээд зохих ялаа эдэлж байгаа хэдий ч тэднийг нийгэм яаж хүлээж авах вэ гэдэг нь чухал. Өөрөөр хэлбэл хориход ял эдэлж буй ялтнуудыг тухайн газар нь хэр зэрэг нийгэмшүүлж чадаж байна вэ гэдэг нь хамгийн их анхаарал татах асуудал юм.

Учир нь өнгөрсөн хо­ногуудад олны сэтгэлийг сэрдхийлгэсэн аймшигт хэр­гүүд ар араасаа гарсан. Гэтэл ийм олон хүн хорихоос суллагдана гэхээр айдас, хүйдэс нь намжаагүй иргэд жихүүцэж байна.

УЕПГ-ын хяналтын про­курор ийнхүү хэлж байв. Тэрбээр “Хоригд­луудын дунд ажил хийе гэж чин сэтгэлээсээ хүсдэг хүн олон бий. Гэвч олон жил ял эдэлсэн хүнийг нийгэм хүлээж авдаггүй.

Тэр бүү хэл аав, ээж, хань ижил нь ч гадуурхдаг. Ин­гэхээр тэд өөрсдөө ч нийгэмшиж чадахгүй хөдөлмөрлөх со­­нирхол нь унтарч, зо­риудаар хулгай хийх зэргээр буцаад шоронд ордог. Тэнд л тэдний амьд­рах газар байгаа мэт ойл­голттой болчихдог. Угаасаа тэднийг нийгэм, ар гэрийнхэн нь ч хүлээж авахгүй болохоор зөвхөн шоронд орох замыг эргэлт буцалтгүй сонгодог” гэв. Барууны өндөр хөгж­сөн орнуудад ялтныг сул­лагдахаас нэг жилийн өм­нө нийгэмшүүлэх ажлыг эрчимжүүлдэг юм билээ.

Тухайлбал хоригдолтой сэт­гэлзүйч нээлттэй ярил­цан ажиллаж, сэтгэлд нь байгаа бухимдал, айдас түгшүүрийг ааж­маар арилгадаг байна. Дараагийн ээлжинд хо­рихоос суллагдаад хүн шиг амьдрахад нь дэм болохуйц амьдралын зөв хэвшлийн тухай яриа өрнүүлж, сэт­гэлийн тэнхээ хайрладаг.

Өөрөөр хэлбэл ялтан ний­гэмд гараад бусдын адил гэр бүл зохиож, үр хүүхэдтэй болж, тэднийхээ өмнө ха­риуцлага хүлээж сайхан амьдрах итгэлтэй болж, мө­рөөдлөө бие­лүүлэхийн төлөө хо­рихоос зохион байгуулж байгаа урлаг, соёлын ажил, сургалт хүмүүжлийн арга хэмжээнд идэвхтэй оролцдог байна.

Товчхондоо бол өндөр хөгжилтэй орны энэ мэт нэгэн соёлоос бид хоцорч байна гэсэн үг. Тухайлбал манай улсад жилд дунджаар 30 мянга орчим гэмт хэрэг гарч, 300 мянга гаруй зөрчил бүртгэгддэг байна. Өөрөөр хэлбэл гарч байгаа гэмт хэргийн 92 хувийг хөнгөн болон хүндэв­тэр гэмт хэрэг эзэлдэг аж. Зөвхөн тан­хайрсан гэх тодотгол нь нийт гэмт хэргийн 20 хувийг эзэлдэг аж. Иймээс бүгдийг нь эрүүгийн гэмт хэрэгтэн гэж үзэлгүйгээр гэмт хэрэг, зөрчил гэж ангилах нь зөв гэж үзэн Зөрчлийн тухай хуулийг өргөн барьсан.

Цагдаагийн ажилтнууд тэнсэн харгалзах ялтай болон хорихоос суллагдсан иргэдэд хяналт тавих үүрэгтэй байдаг. Гэтэл тэд энэхүү ажил үүргээ тэр болгон биелүүлдэггүй учраас давтан хэрэгтэй болон тэнсэн харгалзах ялтай хү­мүүс эргээд л гэмт хэрэгт орооцолдож эхэлдэг. Өөрөөр хэлбэл алдаж оносон иргэнээ бид ний­гэмшүүлэхэд төрийн цогц бодлого хэрэгтэй байгаа. Үүнийг олон хуульч хэлдэг.

Ойрын нэг жишээ дурь­дахад бүх хорих ангиу­дад 3515 хүн давтан ял эдэлж шийтгүүлж байгаа аж. Эдгээрийн 51 хувь нь 2-11 удаа хоригдсон хүмүүс бай­гаа юм. Давтан гэмт хэрэг үйлдэгчдийн 1001 буюу 31.1 хувь нь хулгай, 675 буюу 21 хувь нь санаатайгаар бусдын амь насыг хохироосон аж.

Мөн 366 хүн бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэх зүйл ангиар ял эдэлж байна. Давтан гэмт хэрэг үйлдэгчдийн хувьд хугацаанаас өмнө суллагдах, тэнсэн хар­галзах ял авах, магадланд орох, дэглэм буу­руулах боломж үгүй, оноосон ялыг биечлэн эдэлж байж суллагддаг аж.

Ямартай ч өнөөгийн бо­дит байдал иймэрхүү л дүр зурагтай байгаа юм. Тиймээс үнэхээр ши­нэ хуулиуд батлагдан мөр­дөгд­вөл ял эдэлж бай­гаа хоригдлуудаа яаж нийгэм­шүүлэх тэднийг буцаад орохгүй байх тал дээр нь онцгой анхаарах нь зүйн хэрэг болов уу.

Өглөөний сонин

Р.Саруул

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button