Багаасаа хурд уядаг, хийморлиг хүний хань болсондоо бахархдаг
Уртын дуучин Д.Жавхаасайханы гэргий "Шуранхай" хамтлагийн хэмээгддэг уртын дууч Д.Үүрийнтуяаг энэ удаагийн "Гэргий" буландаа урьж ярилцлаа. Ардын болон уртын дууг этник хэлбэрээр дуулдаг тэрээр ханьтайгаа хамтарч "Цэнхэрлэн харагдана" "Бор торгон хантааз" зэрэг дуунуудаа дуул үзэгчдийн хүртээл болгосон юм.
-Та олон улсын томоохон шоунд оролцож Монголынхоо нэрийг гаргаад ирлээ. Энэ шоу танд ямар сэтгэгдэл үлдээв?
-"Mersedes benz New York fashion week" гэж намар өвлийн загварын шоу Нью-Йоркт болсон. Түүнд монголын дизайнер Катя Зол буюу Г.Золцэцэг загвараасаа толилуулсан юм. Мөн энэ үйл ажиллагаанд монголын нэр нүүрийг тахлах язгуур урлагийн хоёр номер авч явна гэж төлөвлөсөн юм билээ.
Түүний нэг нь эрэгтэй уран нугараач, харин уртын дуучнаа орчин үеийн этник хэв маягт оруулж дуулдаг, бас шоунд зохицно гэж намайг сонгосон. Тиймээс би тэр багт багтсандаа маш их баяртай байгаа. Энэ шоуг Америкийн талаас зохион байгуулснаас гадна "Дэлхийд нэртэй монгол" төрийн бус байгууллага хамтран зохион байгуулсан.
Өмнө нь манайхан зөвхөн загвараа үзүүлээд явдаг байсан бол энэ удаагийн монголын загварын шоу маш өвөрмөц болсон. Түүний нээлт уртын дуу байсан. Монголын нүүр царай болж орчин үед хүчтэй хөгжиж байгаа этникийг язгуур урлагтай холбож монголын сонгодог урлаг ийм хэмжээнд хүртлээ хөгжиж байна гэдгийг дэлхийн тавцанд таниулсандаа миний хувьд их баяртай байгаа.
Тайзан дээр гарсан цагаасаа л хувцаслалт, байгаа байдлаараа анхаарлын төвд байж чадсан. Тэнд байсан бүх үзэгчид босоод, хүмүүс зураг авч бичлэг хийгээд үнэхээр сайхан мэдрэмж үлдээсэн. Тэгээд тоглолтын дараа монголын уртын дуучны хоолой гайхалтай, маш гоё байлаа гэдэг мэдээллийг сонсоод их баярласан. Энэ бол миний эзэмшсэн мэргэжил, өвөг дээдсийн бүтээсэн өв их уламжлал гэж хэлж болно.
-Таны хань уртын дууч СТА Д.Жавхаасайхан. Тиймээс урлагийн гэр бүлийн зовлон жаргал, бахархал юу байдаг вэ?
-Урлагийн гэр бүл байна гэдэг бие биенээ ойлголцох ойлголцлоос бүх зүйл эхлэх болов уу гэж боддог. Миний хань намайг маш сайн ойлгодог учраас би уртын дуугаа дэлхийн тавцанд хүртэл дуулаад явж байгаа. Мэдээж бэрхшээл зовлон тохиолддог ч жаргалтай байх үеүд л хүний сэтгэлд тодхон үлддэг шүү дээ.
Хоёулаа урлагт зүтгэхээр ар гэрийн ажил хаягдах гээд байдаг ч аль алиныг нь тэнцүүлж зохицуулахыг хичээдэг. Тэр дундаа урлагийн тогоонд чанагдаж гэр бүлээ авч явна гэдэг эмэгтэй хүнээс маш их ухаан, авьяас чадвар тэвчээр шаардагдах учраас тэр бүхэнд гэж ухаанаа уралдуулж явна. Айл гэрийн гэргий гэдэг утгаараа үр хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлэх, хань ижлээ халамжлах, хажуугаар нь уран бүтээлээ хийх энэ бүгдийг орхигдуулахгүй байхыг хичээдэг.
-Хоёр өөр орчинд өссөн хүмүүс нэг гэр бүл болж бие биедээ уусахад тодорхой хугацаа хэрэгтэй. Гэсэн хэдий ч та хоёрын ижил төстэй, нийтлэг зан чанарууд гэвэл юу байдаг вэ?
-Бүх талаараа ижил төстэй байна гэж юу байхав. Тухайлбал нэг нь удаан хөдөлгөөнтэй байхад, нөгөөх нь хурдан шаламгай байж амьдралыг урагшлуулдаг. Эсвэл амьдралд нухацтай ханддаг байж болно. Гэхдээ бид хоёрын амьдралыг үзэх үзэл, амьдралд хандаж байгаа хандлага, зарим ааш зан маань ижил төстэй. Бас би түргэн шийдвэр гаргадаг байхад манай хүн их бодож тунгааж, эрсдлийг нь тооцож байж шийдвэр гаргадаг байх жишээтэй.
-Та хоёр хамтарч хэд хэдэн уран бүтээл хийсэн. Гэр бүлийн уран бүтээлч байхын давуу чанар юу вэ?
-Бид хоёр гурав дахь жилдээ хамтарч уран бүтээл хийж байна. "Шуранхай" хамтлагт байх үеэс л жолоочоос нь эхлээд бид гурвын ард талд түшиг тулгуур болж байсан хүн бол яах аргагүй миний хань. Ингэж бидний уран бүтээлийг дэмжиж, санаа оноо хэлж, яг л манай хамтлагийн гишүүн шиг байсан учраас бид гурав маш олон уран бүтээлийн ард гарсан,
Үүний дараа бид гурав тус тусдаа хувийн амьдралтай болж, хувь уран бүтээлдээ орцгоосон. Харин бид хоёрын хувьд харилцаа уртын дуу дуулах хамгийн давуу тал байсан. Тиймдээ ч хамтарч уран бүтээл хийх гараагаа эхэлсэн гэж хэлж болно. Хамгийн анхны уран бүтээл гзвэл "Шуранхай" хамтлагт байхдаа хийсэн "Цэнхэрлэн харагдана" дуу.
Энэ дуу сайхан ч дуу, цар хүрээ нь ч том, монголын харилцаа дууны охь манлай дуу гэж гэгддэг. Үүнээс улбаатай монголын ардын дууны харилцаа хэлбэрээс бүрдсэн "Язгуур" нэртэй цомгоо ч гаргасан. Бид хоёр чанартай уран бүтээл хийх юмсан, урт настай байгаасай гэдгийг чухалчилдаг. Харилцаа дуу гэсэн өв соёл хойч үе, үр хүүхдэд маань үлдвэл одоо хийж байгаа уран бүтээлээс минь илүү уртын дуу дуулсны ач гавьяа болов уу гэж бодож явдаг.
Тийм учраас чанартай уран бүтээл хийхийг эрмэлзэж клип цомог тоглолтууд маань өөр өөрийн гэсэн өнгө аястай байгаасай гэж хүсдэг. Гэхдээ чамлах зүйл юу байхав, "Аргагүй амраг" тоглолтоо хийсэн, хоёр гурван цомог маань шинэ сонин содон шийдэлтэй болсон учраас үүнээс илүү үзэгчдийнхээ хүлээж байгаа уран бүтээлийг хийх юмсан гэж боддог. Тоглолтоо хөдөөгийн ард түмэндээ толилуулна.
-Таныхаар айлын гэргий хүн ямар байвал ханьдаа хайрлагдсан, хадамдаа хүндлэгдсэн хүн байх бол гэж боддог вэ?
-Мэдээж гэргий хүн гэдэг бүхнийг хайрлахаас эхлэх болов уу гэж бодож байна. Өөрийнхөө аав ээжээс гадна нөхрийнхөө аав ээжийг илүү хайрлах ёстой юм болов уу. Бас тэвчээртэй хүлээцтэй, юмыг хоёр гурван удаа өнгөрөөж байж дуугардаг, ухаалаг, бас итгэл чухал гэж бодож байна.
Гэхдээ орчин үеийн эмэгтэйчүүдэд дээр үеийн эмэгтэйчүүдийн хатан ухаан дутаад байгаа юм шиг харагддаг. Гэхдээ бүгдийг хавтгайруулж хэлж байгаа юм биш л дээ. Тийм учраас манай эмэгтэйчүүд тэвчээртэй байвал бүхнийг давж туулах чадвартай шүү гэж хэлэх байна.
-Та "Шуранхай" хамтлагтай холбогдож анх урлагт хөл тавьж байсан. Одоо хамтлагийнхантайгаа хэр холбоотой байдаг вэ?
-Оюутан байх үеэсээ л өвөр түрийндээ орж найзалж нөхөрлөсөн болохоор холбоотой байлгүй яахав. Хэдийгээр амьдрал маань өөр болсон ч гэлээ найз хүүхнүүдийн хувиар уулзан учирдаг.
Хамгийн сүүлд МУГЖ С.Жавхлангийн төрсөн өдрийн тоглолтон дээр бид гурав хамтдаа тайзан дээр гарч найзынхаа гэр бүлийн хүнд нь бэлэг барьсан. Энэ бол бидний хамгийн том бэлэг байсан. "Шуранхай"анхнаасаа бие даасан хамтлаг байгаагүй учраас хэзээ нэг өдөр хувь гурван уран бүтээлч нэгдэж тоглолт хийхийг үгүйсгэхгүй.
-Хүүхдүүд тань аав ээжийнхээ алийг нь илүү дууриасан бэ?
-Царайны хувьд хоёр хүүхэд маань ээжийгээ дууриасан. Харин хүүгийн хувьд ааш зан нь аавтайгаа төстэй. Аав нь морь уядаг болохоор төрөхөд нь л бараг морины хүүхэд гээд захиалчихсан. Охин маань зөрүүд хэрнээ эмэгтэйлэг. Манайх гэр бүлээрээ хөдөө байх дуртай. Зав л гарвал нөхөр маань уяа руугаа яваад хүүхдүүдээ цэвэр агаарт, хонь малтай ойрхон өсөөсэй гэж боддог.
Би Дундговь аймаг, манай нөхөр Өвөрхангай аймгийн Хархорин сумынх. Аль аль нь сайхан нутаг. Хүүхдүүдээ эрүүл чийрэг боловсролтой, хүмүүжилтэй, хүн чанартай хүн болгох юмсан гэж боддог. "Биеийг нь төрүүлэхээс биш, ухааныг нь төрүүлэх биш дээ" гэж ярьдаг. Түүн шиг хүүхдүүдээ заавал математикч болгоно гэж шахахгүй, өөрсдийнх нь сонирхол л мэдэх хэрэг. Хамгийн гол нь зөв хүмүүжилтэй байвал цаашдаа сайхан амьдарч чадна.
-Нөхөр тань таны ямар зан чанарт татагдсан гэж ярьдаг вэ?
-Бид "Шуранхай" хамтлагийн гурван оюутан байхдаа бие биенийхээ нутаг болох Архангай, Дундговь, Баянхонгор аймгуудаар тойрч аялан тоглолт хийдэг байлаа. Ингэхдээ манай нөхрийг тоглолтын хөтлөгчөөр авч явдаг байсан юм. Тэгээд л хүнд их тустай, өөрт байгаа бүх л боломжоороо бусдад тусалдаг, нээлттэй, шударга, бас бидэнд сэтгэлээсээ зөвлөгөө өгдөг нь надад таалагдаж байсан.
Харин хань маань миний зөөлөн чанарт татагдаж дурласан гэдэг. Түүнээс манай нөхөр СУИС-д миний дээд талын курсынх болохоор бид өмнө нь ах дүүгийн харьцаатай л явдаг байлаа шүү дээ.
-Сайн эмэгтэйн шинжүүд гэж монгол уламжлалд ярьдаг даа. Түүнээс танд ямар шинжүүд нь байдаг вэ?
-Мэдээж өв тэгш хүн гэж байхгүй ч ханьдаа халамжтай, хадамдаа элэгтэй гээд бүхий л шинж нь байгаа гэж боддог. Хамгийн гол нь өөрийнхөө алдааг засч чаддаг бол тэр хүнийг зөв хүн гэж үздэг. Надад сайн хүний зарим шинжүүд дутуу байлаа гэхэд би хүний шүүмжлэлийг хэзээ ч эсэргүүцдэггүй.
За надад ийм алдаа байна даа гэж бодоод ерөнхийдөө алдаа дутагдлаа засахыг хичээдэг. Болж л өгвөл хүнд байх ёстой эерэг зан чанаруудыг өөртөө бий болгохыг эрмэлздэг. Хамгийн гол нь хүн өөртөө таалагддаг байх ёстой. Тэгж байж тухайн хүнээс том бүтээл, том бодол санаа урган гардаг.
-Уртын дууч та хоёрын хувьд үндэсний хувцасны их цуглуулгатай болов уу гэж боддог юм?
-Монгол үндэсний хувцсаа өмсч дээдэлж явах шиг сайхан зүйл юу байхав. Бид байнга биш ч гэлээ баяр болгоноор үндэсний хувцсаа өмсдөг. Ялангуяа өвөл үндэсний хувцсаа өмссөн хүн ямар сайхан харагддаг гээч.
Бараг бид хоёр өвөлдөө л хурган дээлтэй явдаг шүү дээ. Бид хоёрын ихэнх дээл хувцас яг л эртний монгол хувцас байдаг. Тэгээд ч манай монголчууд өнөөдөр үндэсний хувцсаа их өмсдөг болсон байна. Бас дээлэн дээрээ мөнгөн зүүлттэй хэт хутга ч гэдэг юм уу тийм нүнжигтэй эд хэрэглэдэг.
-Бодвол ээмэг зүүлт ихтэй л байлгүй. Ер нь таны хамгийн гоё гоёл тань юу вэ?
-Миний хамгийн гоё гоёл бол миний өөрийн төрх. Би нүүрэндээ ямар ч мэс ажилбар хийлгээгүй. Бид хоёрт өөрсдийн имижийг тодорхойлдог, дизайнер оёдолчид байгаа. Тэдэнтэйгээ хамтарч ажилладаг. Надад ээмэг зүүлт тийм олон байхгүй. Өөрт таалагдсан зүүлтээ ихэнхдээ гадагшаа явахдаа авчихдаг юм. Харин монголдоо "Бишрэлт" их дэлгүүрээр үйлчлүүлэх дуртай.
-Ихэнх эмэгтэйчүүд аливаа зүйлийг нэгэн хэвийн байлгах дургүй. Та ч бас тэдний нэгэн адил гэрийн тавилгаа байсхийгээд л өөрчилчихмөөр санагддаг уу?
-Харин тийм ээ. Байнга өөрчилж, шинэчилмээр санагддаг. Гэхдээ эрэгтэй хүмүүс үүнд их хойрго байдаг. Түүн шиг хувцсыг ч гэсэн нэг их удаан өмсөөд байхаар сонирхол буураад хурдан л өөр хувцас авмаар санагддаад байдаг юм. Энэ утгаараа би дэлгүүр хэсэх хоббитой. Гадагшаа явахаараа бүр ихэснэ гээч.
-Нөхрөөсөө авч байсан хамгийн том бэлэг тань?
-Олон бэлэг авч байсан. Энэ дундаас анхны юм бүхэн сэтгэлд үлддэг болохоор хамгийн анх өгсөн бэлэг л гоё санагддаг юм. Гадагшаа явах бүрдээ бэлэг авчирдаг. Хуримын бөгжнөөс илүү анх авч өгсөн бөгжийг нь л зүүх дуртай. Нөхрийгөө хоёр хүүхдийнхээ сайн эцэг, миний сайн хань байж чаддагаар нь бахархдаг.
Хааяа маргалдах үе гардаг ч бид хоёр ойлголцоод л өнгөрдөг. Энэ дашрамд залуу гэр бүлд хандаж хэлэхэд нэг муудалцаад л сална гэвэл энэ гэр бүл биш, амьдрал ч биш. Тийм учраас эмэгтэйчүүд маань тэвчээртэй, өөрсдийгөө жаахан цэгнээд ухаалаг хандаад сурчих юм бол ийм зүйлийг даваад гарна гэж боддог.
-Жавхаасайхан дуучныг багаасаа л моринд хорхойтой, бүр адуучин байсан гэж сонссон?
-Манай нөхөр дунд сургуулиа төгсөөд л хөдөө гараад адуучин болчихсон юм билээ. Гэтэл морин хуур чуулгынхан хөдөө очоод Батчулуун багш дуулдаг хүн байна уу гэхээр нь Түвшээ ах манай дүү дуу аялдаг гэж хэлсэн юм билээ.Тэгээд "Эр бор харцага" дууг дуулсан чинь Батчулуун багш би авьяастай шавьтай гэж бодож байсан чинь дүлий шавьтай юм байна гээд Түвшээ ахыг ийм сайхан дуулдаг хүүхдийг хөдөө зэврээгээд гээд зэмлэсэн юм билээ.
Үүний дараа удалгүй СУИС-д ирээд Дэлгэр багшийн шавь болоод дуучин болсон түүхтэй. Хүүхэд байхаасаа морь уяж сурсан болохоор нутгийнхан нь намайг очихоор морийг ёоз ёозоор нь сольж унадаг, сайхан ч хурдтай хийморлог залуу байсан гээд л ярьдаг юм. Тийм учраас би тийм хийморлиг хүний эхнэр болсондоо бахархдаг,
-Таны нөхрийн ax СТА морин хуурч Түвшинсайхан ах тань та хоёрт нэлээд зөвлөдөг байх даа?
-Тэгэлгүй яахав. Амьдрал дээр ч, уран бүтээл дээр ч хүний эцэг эхийг орлох хэмжээний түшиг тулгуур болдог. Нөхөр маань миний аавыг Түвшээ ах орлодог гэж ярьдаг. Үүнд нь баярлаж явдаг.
Нийслэл таймс
Д.Нэргүй