"В" продакшны гол чиг хандлага бол залуу үеэ сайн дэмжих гэсэн туйлын бодлого

Энэ удаагийн дугаарын "Онцлох ярилцлага" буландаа "Камертон" хамтлагийн ахлагч, "B" продакшны захирал, Монгол улсын Төрийн соёрхолт, дуучин Д. Болдтой ярилцлаа.

-"В" продакшн 2014 оны шинэ уран бүтээлийн нээлтээ хийх гэж байна. Чухам ямар ямар уран бүтээлчдийн шинэ бүтээлүүд гарч байгаа нь уншигчдад сонирхолтой санагдаж байгаа байх?

-"В" продакшны хувьд 2014 онд нэлээд олон ажил төлөвлөгдсөн. Тэр хэрээнээ нэлээд олон уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байна. Тэдний маань эхний уран бүтээлүүд эхнээсээ гарч эхэллээ.

Тэр дундаа миний өөрийн 11 дэх бие даасан "Хувцсаа тайчаад шид" цомог, "Гурван охин" хамтлагийн манай продакшнтай хамтарч ажилласан буюу миний продюсерээр нь ажилласан хоёр дахь цомог болох "Хурдлах тусам" цомог, мөн "Камертон-2" төслөөс төрөн гарсан "Бид4" хамтлагийн "Бид4" нэртэй анхны цомог албан ёсоор нээлтээ хийж, худалдаанд гарахад бэлэн болоод байна.

-Эдгээрээс гадна хэд хэдэн уран бүтээлчдийн цомгийн продюсерээр ажиллаж байгаа гэж сонссон. Энэ тухайд?

-Энэ онд дуучин Б.Амархүүгийн бие даасан цомог болон дуунууд дээр ажиллаж байгаа. Мөн Зууны манлай дуучин, поп дива, МУГЖ, дуучин Б.Сарантуяагийн шинэ цомгийн ажил дээр бас ажиллаж байна.

-Дуучин Б.Амархүү "В" продакшины үндсэн артист болсон уу?

-Албан ёсны артист бол биш. Би цомгийн продюсерээр нь ажиллаж байгаа юм.

-Өнгөрсөн долоо хоногт "Камертон" хамтлагийн "Best hit Unplugged" тоглолт болсон. Сонсогчдынхоо дунд нэлээдгүй их хүлээлт үүсгэж, олон жилийн дараа тоглолоо. Тоглолтын сэтгэгдлээс хуваалцвал?

-"Камертон" хамтлагийг энэ олон жил тасралгүй уран бүтээл хийхэд хамгийн их нөлөө үзүүлж байсан хүмүүс бол манай фэнүүд. Бидэнтэй тайзан дээр амьдарсаар ирсэн. Бид тодорхой хугацаагаар хамтлагийн уран бүтээлээ завсарласан байсан. Сая ойгоо угтаж, үзэгчдийнхээ хүсэлтээр тоглолт хийлээ. Тоглолт маань үнэхээр сайхан, маш амжилттай болсон. "Дахин тоглоочээ" гэсэн маш олон хүсэлтүүд ирж байна.

-Тоглолтын дараа та өөрийн фэйсбүүк хуудсанд "Camerton энэ тоглолтоос 10 дуутай шинэ CD гээ гаргах гайхамшигтай эрч хүчийг та нараасаа авлаа.19 жил!!!!!!" гэж бичсэн байсан. Тэгэхээр тун удахгүй хамтлагийн шинэ цомог гарах нь ээ?

-Манай продакшны 2014 оны төлөвлөгөөнд "Камертон" хамтлагийн шинэ цомгийн ажил тусгагдсан. Энэ ажил маань ч эхэлсэн байгаа. Тэгэхээр "Камертон" хамтлаг 11 дэх цомгийнхоо ажилд орсон гэж хэлэхэд болно.

-Ирэх зургадугаар сарын 24-нд буюу хамтлагийн төрсөн өдрөөрөө дахиж тоглох болов уу?

-Яг тоглолт хийнэ гэсэн албан ёсны төлөвлөгөө бол гараагүй байгаа.

-Ирэх онд хамтлагийн 20 жилийн ой болно. Ойгоо 10 дуутай шинэ цомогтой угтана гэж байгаа. Бусад гэнэтийн бэлгүүдээсээ задалбал?

-20 жилийн ойд зориулж "Камертон" хамтлаг олон ажил төлөвлөсөн. Мэдээж сая ярьсан 11 дэх цомог гарна. Бас сонсогчдынхоо хүсэлтээр худалдаанд гараад дууссан цомгуудаа дахиж хэвлүүлэх, фэнүүддээ зориулсан дурсгалын зүйлс хийх гээд олон олон ажил байна.

-Харин таны бие даасан тоглолтын тухайд?

-Энэ жилдээ багтаад том хэмжээний бие даасан тоглолт хийхээр төлөвлөж байна. Тоглолт хийгээгүй багагүй хугацаа өнгөрлөө. Бүх гаргасан цомгийнхоо хит дуунуудаа түүвэрлэж, маш гоё зохиомж найруулгатай, "Монгол поп", R&B, dance гээд гурван урсгал хосолсон том хэмжээний тоглолт хийх төлөвлөгеөтэй ажиллаж байна.

-"Камертон" хамтлагийн залгамж халаа болох "Бид4" хамтлагийн продюсэрээр та өөрөө ажилллаж байна. "В" продакшн залуу үеэ бэлтгэхэд түлхүү анхаарч байна уу даа?

-"В" продакшны гол чиг хандлага бол залуу үеэ сайн дэмжих гэсэн туйлын бодлого. Болд ганцаараа, "Камертон" хамтлаг олон жил дуулаад явах нь гол биш. Бид залуу үедээ өөрсдийнхөө сурч мэдсэн зүйлсээ хуваалцъя, өөрсдийн бололцоогоор тэднийг дэмжиж, урлагт яаж хөл тавих ёстойг, ямар дуудуулах ёстой вэ, ямар стилиэр яаж дуулах ёстой юм, стиль имидж гээд бүх талаас нь л зөвлөгөө өгч, дэмжлэг үзүүлэхийг хичээдэг.

Тэр дундаа "Бид4" хамтлагаа "В" продакшны албан ёсны артист болгож цомог, клип, дуулах ур чадвар, бие бялдар, стиль гээд бүх тал дээр нь анхаарч ажиллаж байна. Урлагийн хүн ямар байх ёстой вэ гэдэг бүх л шалгуурыг энэ хамтлагтаа бий болгохыг хичээж байна.

-Та уран бүтээллүүддээ үргэлж шинийг эрэлхийлсээр ирсэн. "Монгол поп" урсгал их өвөрмөц байсан. Энэ тухайд?

-Орчин үеийн хөгжмийг үндэснийхээ хөгжим, хувцас, соёл, дуу хөгжимтэй хослуулсэн "Монгол поп" гэж урсгалыг илүү сайн хөгжүүлж, улам дэлгэрүүлж, Азийн хэмжээнд хүртэл нь хөгжүүлэх зорилго надад бий. Уран бүтээлчид бид сайн бүтээл хийнэ гэдэг маань ард түмэн сайхан дуу, сайхан бүтээл сонсож сэтгэлийн таашаал авна гэж би ойлгодог. Мөн Монголын хөгжмийн урлагийн хөгжилд тодорхой хэмжээний түлхэц өгөхүйц бүтээл хийх нь зүйтэй байх.

-"Бид4" хамтлагийн анхны цомгийн чанарт их анхаарсан гэж байсан. Энэ цомгийн бичлэг хаана хийгдэв. Хаана хэвлэгдсэн бэ?

-Цомог гэдэг бол зүгээр нэг дуу, шүлэг түүгээд тавьчихдаг зүйл биш. Үүний цаана маш олон баг ажилладаг Продьюсер ямар цомог гаргах ёстой вэ гэдгийг тодорхойлно. Ая зохиогч, яруу найрагчид байна. Хамгийн гол нь хөгжмийн найруулгын ажлууд. Дэлхийн дуугаралттай байх шаардлагатай. Бас хөгжмийн тохируулгын ажил байна.

Манай "B" продакшнаас гарч байгаа цомгуудын хөгжмийн тохируулгын ажлыг ОХУ-ын Москва хот дахь "Vivo" рекордс хийдэг. "Монгол поп-2" цомгоос хойш тус рекордстой хамтран ажилласаар ирлээ. Ер нь mix, mastering гэдэг зүйлийг яг хийдэг газар нь л хийлгэх ёстой.

Хөгжмийн дуугаралт, чанар дээр анхаарахын тулд мэргэжлийн, тэр дундаа тэр хөгжмийн урсгал урсгалаараа мэргэшсэн хүмүүстэй хамтран ажиллахыг хүсдэг. "Бид4" хамтлагийн цомог ч хөгжмийн дуугаралт, дуулалт маш чанартай болсон гэж үзэж байгаа.

-"Хувцсаа тайчаад шид" дуу өмнөх цомгуудад орсон дуунуудаас их өөр, өвөрмөц санагдаж байгаа. Энэхүү цомгоор хүмүүст юу мэдрүүлж, юуг илэрхийлэхийг хүссэн бол?

-Хүн хамгийн чөлөөтэй байх үедээ хувцсаа тайлдаг. Ажлаа тарж гэртээ ирээд амарч хувцсаа тайлдаг. Яг л тэр чөлөөтэй мэдрэмж. Бүх л стресс, бухимдлыг мартаад энэ цомогтой хамт байгаач гэдэг санаа юм л даа. Цомгийн эхний дуу бол "Хувцсаа тайчаад шид". Маш цоглог, задгай. Клипээ ч гэсэн маш чөлөөтэй задгай сэтгэж хийхийг бодлоо.

Баригдмал байхыг бодсонгүй. Нийгэмд болж байгаа бүх л зүйлүүдийг ёгт байдлаар, илүү чөлөөтэй байдлаар илэрхийлсэн. Энэ цомгоос эрх чөлөө, чөлөөт байдал, баяр баясгаланг мэдэрнэ гэж найдаж байна.

Нийслэл таймс

А.Халиун

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button