Хуулиа хурдан батлаад өгөөч
Хүний амь ийм л үнэгүй болчихож. Согтуу ухаанаар сэтгэсэн хүн төрхт араатнууд галт зэвсэг ашиглан нэгээр биш хоёр, гурваар нь хүйс тэмтэрч байгаа аймшигт хэргүүд ар араасаа гарсаар. Галт зэвсгийг хайхрамжгүй орхисноос болж хэлд байтугай хөлд ороогүй шахам алаг үрс нэгийнхээ амийг хөнөөсөн хэргийг сонсоод эрхгүй элэг эмтэрмээр. Гэтэл энэ бүх аймшигт хэргүүд долоо хоногийн давтамжтай гарч байхад өнөөдрийг хүртэл дорвитой шийдвэр төр засгаас гаргасангүй. Цагдаа нь буу тулгаж, дээрэм тонуул хийж, албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн албан хаагч буудуулан амиа алдсан маш олон хэргийг тоочоод байвал барагдахгүй. Хэн нэгний мууг үзэх гэж, муу муухайг сэдрээх гэж энэ хэргүүдийг хөндсөнгүй.
Тайван налгар эх нутагт минь юу нүүрлээд байна вэ гэдгийг асуух гэж энэ бүхнийг хөндлөө. Сэтгэлдээ шарх тээж өнчрөн үлдсэн энэ бүх хүмүүсийн өмнө Монголын төр өөрөө буруутай. Монгол Улсад 2001 оноос Галт зэвсгийн тухай хуулийг даган мөрдөж байгаа. Зэвсэгт хүчин, цэрэг, цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын эзэмшилд байгаа байлдааны зориулалттай галт зэвсгээс бусад галт зэвсгийг өмчлөх, эзэмших, ашиглахтай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулж иржээ.
2013 оны байдлаар Монгол Улсын хэмжээнд иргэн, хуулийн этгээдийн өмчлөлд 46982 галт зэвсэг бүртгэлтэй байгаагаас ан агнах 44306, харуул хамгаалалтын 1598, спорт сургалтын 619, үзмэр, урлагийн 260, цуглуулгын 199 ширхэг галт зэвсэг байна. Түүнчлэн, 2010 онд 40894, 2011 онд 43768, 2012 онд 44764 галт зэвсэг тоологдсон гээд тооцохоор жилд дунджаар 2000 орчим галт зэвсгийг иргэн, хуулийн этгээд шинээр худалдан авч өмчилж, эзэмшиж байгаа юм. Энэ замбараагүй байдалд хяналт тогтоох цаг хэдийнэ болсон. Энэ оны нэгдүгээр сард Засгийн газар Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн мэдүүлж хэлэлцүүлж замбараагүй зөвшөөрөл, галт зэвсгийн хяналтгүй байдлыг эмх цэгцтэй болгох талаар ярьсан ч өнөөдрийг хүртэл сураг төдий байсаар ирэв. 13 жилийн өмнө батлагдсан хуучирсан хуулийн сиймхийг ашигласан нөхөд галт зэвсгийг тоглоом шиг л ашиглаж хулгайн ан хийж бүр цаашлаад хүний амиар наадаж байхад парламент нь нүдэн балай, чих нь дүлий суусаар байна.
Хэлэлцэх ёстой энэ мэт нэн тэргүүний хуулийг хэлэлцэж хэнд буу эзэмшүүлэх, хяналт ямар байх вэ гэдгээ ярилцчихсан бол өнөөдөр амьтан хөнөөж байгаа аятай нэг нэгийгээ буудаж хөнөөх байсан уу гэдгийг асуухгүй өнгөрч боломгүй. Сандал суудлын хэрүүл хийж хэнээс хэдэн төгрөг зээлж авах вэ гэдгээ ярьж талцаж суух хооронд цөөхөн хэдэн монголчууд маань бие биеэ хөнөөж дуусах нь. Үнэн боловч хатуу үг. Өнөөдөр гудамжинд гараад амьд гэртээ харина гэх итгэл алга. Хаанаас хэн нь гарч ирээд буудах бол, ямар согтуу нөхрийн гарт хүйтэн зэвсэг яваа бол гэхээс айдас, жихүүдэс төрж байгаа. Малчны хотонд танхайрсан согтуу нөхрийн буунд хяналт тавьж чадахгүй байгаа төр, хууль хүчний байгууллага тэгээд хүчтэй, хүнээ хамгаалсан хэрэг мөн үү. Үгүй ядахдаа хяналтыг нь чангаруулаад эрүүл саруул ухаанаар , сэтгэн бодох чадвартай, галт зэвсгийг эзэмших чадвартай нэгэнд нь буу атгуулдаг болчихвол. Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд уг нь овоо хэдэн гайгүй санал тусгагдсан байгаа юм. Тухайлбал, хуулийн төсөлд галт зэвсэг өмчилж байгаа этгээд нь түүнийг ашиглахын тулд зайлшгүй тодорхой сургалтад хамрагдах, галт зэвсгийг техникийн үзүүлэлт болон ашиглаж буй зориулалтаас нь хамаарч иргэний, харуул хамгаалалтын, хууль сахиулагчийн болон цэргийн гэсэн төрөлд ангилах, жагсаалтыг тухайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тус тус батлах, гадаадын иргэн, харъяалалгүй этгээдэд галт зэвсэг өмчлөх, ашиглахыг хориглох талаар тусгасан байна. Түүнчлэн, Монгол Улсын хэмжээнд галт зэвсэг, сумыг нийтэд худалдах төв нь нийслэлд нэг байх, салбар байгуулах, тус төвийн үйл ажиллагаанд цагдаагийн байгууллага хяналт тавих, хуульд зааснаас бусад тохиолдолд хуулийн этгээд нь галт зэвсэг өмчлөхгүй байх зохицуулалт хийх юм.
Хуулийн төсөл батлагдсанаар зөвхөн харуул хамгаалалтын эрх бүхий хуулийн этгээд, түүнчлэн спорт сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллага хязгаарлагдмал хүрээнд, тодорхой хяналтын дор галт зэвсэг өмчлөх эрхтэй болох аж. Ингээд өөрчлөөд өгчихсөн байхад хэн дуртай нь буу барин хүний амь бүрэлгэж байхгүйгээр асуудал багахан ч гэсэн эмхэндээ орчих боломжтой. Ер нь ч тэгээд өргөдөл барьж орсон болгонд зэвсэг атгуулаад буцаадаг ийм соёл байх ёстой ч юм уу, үгүй ч юм уу.
Монголын мэдээ
Б.Өнөртогтох