Мягмар гаригт чуулганы хуралдааныг зарлав
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлсэн Улсын Их Хурлын гишүүд энэ төсөл нь өндөр мэргэжилтэй боловсон хүчнийг сургаж бэлтгэхэд оруулж буй томоохон хөрөнгө оруулалт, цаашлаад евро стандартыг эх орондоо нутагшуулах, улс орны эдийн засгийн хөгжлийн хурдцыг нэмэгдүүлэхэд түлхэц үзүүлэх чухал арга хэмжээ юм гэдгийг онцлоод гол нь энэ шалгуурыг даах хүмүүсийг зөв шилж сонгон сургаад тэдний оюуны чадавхи, сурсан мэдсэнийг эх орондоо шингээхэд салбарын яам сайн анхаарах хэрэгтэйг онцолж байлаа. Ингээд санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 54 гишүүний 46 нь буюу 85.2 хувь нь зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлахыг дэмжив.
Дараа нь Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын зарим гишүүд Сангийн сайд Ч.Улаан, Улаанбаатар хотын захирагч бөгөөд нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нараас асуулт асууж тодруулав. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Л.Энх-Амгалан, Л.Эрдэнэчимэг, Д.Сумъяабазар нар саналаа хэлсний дараа байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 81.7 хувь нь дэмжиж, санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл батлагдлаа.
Чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан цаг сунган хуралдаж, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан"Хүнс, тэжээл, нийгмийн халамжийн төсөл: Нэмэлт санхүүжилт"-ийн зээллийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан, саналаа хэллээ. Ингээд байнгын хорооны саналаар зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 58 гишүүний 46 нь буюу 79.3 хувь нь дэмжсэн юм.
Хуралдааны эцэст УИХ-ын дарга З.Энхболд ирэх долоо хоногийн мягмар гарагт чуулганы нэгдсэн хуралдааныг хуралдуулж, чуулганы өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж амжаагүй асуудлуудыг хэлэлцэхээр болсныг мэдэгдлээ
Оллоо.мн