ТҮЦ-үүд автобусны буудалруу харж байрладгаа больж, шинэ загвартай болох нь
.jpg)
Автобусны буудлууд дээр үйл ажиллагаа явуулж байгаа ТҮЦ-ийг буулгаж, нүүлгэх Сүхбаатар дүүрэгт эхэлжээ.
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас журам гарсан бөгөөд үүнд ТҮЦ-ийн үйл ажиллагааг явуулахдаа арван метр бүхий талбайтай, хүн ажил үйлчилгээ явуулахад тохилог, дотроо 00-той, ариун цэврийн асуудлыг шийдвэрлэсэн байх ёстой гэж заасан. Иймээс тус дүүрэгт одоо үйл ажиллагаа явуулж байгаа ТҮЦ-үүдийг ирэх сарын нэгэн гэхэд шинэчилсэн загвартай болгох ажээ. Энэхүү шаардлага хангасан ТҮЦ-ийг иргэд өөрсдөө зохион байгуулна. Харин ТҮЦ-ний ерөнхий загвар стандартыг нийслэлийн Төлөвлөгөөний газраас гаргах гэнэ. Мөн шинэ загвартай болохоос гадна зарим нэгэн ТҮЦ-нүүдийн байршлыг өөрчилж, шилжилт хөдөлгөөнийг хийж эхэлжээ.
Автозам болон машины зам дагуу ТҮЦ-ийг байрлуулахгүй. Тухайлбал, Төв гудамж, Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Залуучуудын өргөн чөлөө гэх мэт төв зам дагуу ТҮЦ-нүүд автобусны буудал руу харчихсан байдаг. Энэ маш эрсдэлтэй учраас үүнийг хориглож байгаа. Мөн явган зорчигчийн зам талбай дээр саад учруулахгүй, сургууль, цэцэрлэгийн ойролцоо ТҮЦ-ийг байрлуулахгүй. Эдгээр гурван байршилд ТҮЦ-ийн үйл ажиллагаа явуулахыг хориглож байгаа аж.
Харин эдгээр байршлаас бусад байршилд ТҮЦ-ийг байршуулахыг зөвшөөрч байгаа юм. Гэхдээ ТҮЦ-ийн байршил хаана байх гэдгийг харьяа дүүрэгтэй зөвшилцөж, худалдаа үйлчилгээнээс гарсан шийдвэрийг дагуу хорооны Засаг даргатайгаа байршлаа зөвшилцөж, байршуулах юм.
Г.Уянга
оллоо.мн