Улсын хилээр 10 гаруй төрлийн допинг оруулж ирснийг албаныхан нуун дарагдуулсан уу

Өнгөрсөн пүрэв гарагт Бодибилдинг, фитнесийн холбооны тамирчин Д.Бат-Эрдэнэ гэгч Чингис хаан Олон улсын нисэх буудлын Буянт-Ухаа дахь гаалиар 30 гаруй сая төгрөгийн үнэтэй допингийн төрлийн бодис бүхий эм тариа оруулж ирснийг гаалийнхан саатуулсан байна.
Тэрбээр эдгээр тарилгыг улсын баяр наадамд зориулан бөхчүүд, фитнесийн тамирчид болон хурдан мориныхонд зориулан оруулж ирсэн аж.
Гэтэл түүний авч ирсэн энэхүү тариаг нөлөө бүхий эрхмүүд хөөцөлдөн авах гэж гаалийнханд шахалт үзүүлж эхэлжээ. Уг нь Д.Бат-Эрдэнийн энэхүү хууль бус үйлдлийг ГЕГ, МХЕГ, ТЕГ-ынхан мэдсэн хэмээн зарим эх сурвалж мэдээлж байсан юм.
Д.Бат-Эрдэнэ нь 2012 онд Монголын мистер гэх эрхэм хүндтэй цол хүртэж байсан нэгэн. Тэрбээр бодибилдингийн спортоор 14 жил хичээллэж байгаа аж.
Тэгвэл баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар Д.Бат-Эрдэнэ нийт 10 төрлийн нэр бүхий тариаг Тайланд улсаас оруулж ирсэн бөгөөд дээрх допингийн тариаг сар болгон Монголд авч ирдэг гэнэ.
Уг допингийн тариа нь хориотой эм тарианд ордог. Фитнесээр хичээллэдэг залуучуудад “Хурдан хугацаанд булчингийн масс ахиулдаг” гэж сурталчилж бизнес болгон зарж байсан гэнэ.
Мөн улсын баяр наадам дөхсөн учраас хурдан мориныхон маш ихээр хэрэглэж байгаа аж. Түүнчлэн бөхчүүд хүртэл энэхүү допингийн төрлийн тариаг тэр аяараа хавтгайрч хэрэглэдэг байна. Хамгийн гол нь энэхүү тариаг хэрэглэснээр маш олон сөрөг үр дагавар авч ирдэг байна.
Тухайлбал олон улсын стандартын нэг болох хориглосон жагсаалтын “S1 Анаболик стероид” нь хориотой бодисын ангилалд хамаардаг байна.
Дээрх бодисыг хэрэглэсэн эрэгтэй хүнд батга шавах, хатиг гарах, төмсөг агшиж жижгэрэх, үрийн шингэн багасах, чанаргүй болох, бэлгийн сулрал, үргүйдэл, түрүү булчирхай томрох, үс эрт халцрах, бөөр, элэгний үйл ажиллагаа алдагдах, зан төлвийн өөрчлөлт гарч, догшин хэрцгий болох, бэлгийн дуршлын эмгэг үүсэх шинж тэмдэг илэрдэг аж.
Харин эмэгтэй хүнд батга шавах, биеийн галбир эрэгтэй хүн шиг болох, дууны өнгө бүдүүрэх, нүүр, биеэр үс ургах, сарын тэмдэг өөрчлөгдөх, хэлүү томрох, зан төлөв өөрчлөгдөж догшин хэрцгий болох, жирэмсэн үед үр хөврөл, ураг гэмтэх, бэлгийн дуршил өөрчлөгдөх шинж илэрдэг монгол залуусын удмын санд маш муу нөлөө үзүүлдэг хортой тарианы төрөлд багтдаг аж.
Хамгийн энгийнээр тайлбарлахад энэ бодисыг өвчний улмаас туйлдаж, тураалд орсон хүнд эд эс, эрхтэн, биеийн ерөнхий байдлыг дээрдүүлэн сэргээх зорилгоор өгдөг. Д.Бат-Эрдэнэ мэтийн нөхдүүд хүний эрүүл мэндээр нь наадаж мөнгө олох нэг хэрэгсэл болгож байхад яагаад холбогдох албаныхан яагаад өдий болтол дуугүй байв.
Мөн тамирчид яагаад энэхүү хортой тариаг авахаар ийнхүү улайран зүтгэх болов гэдэг нь ч асуудал юм. Өөрөөр хэлбэл удахгүй болох Улсын баяр наадмаар нөлөө бүхий эрхмүүдийн морь уралдаж байгаа. Энэхүү хортой бодис тэдний морины хэрэглээ учраас ийнхүү дээр дооргүй хөөцөлдөн авах гэж байгаа хэмээн эх сурвалж мэдээлж байсан.
Ингээд бид эл асуудлын талаар ТЕГ-ын Олон нийттэй харьцах албаны ажилтан Хатанхандмаагаас асуухад “Энэ асуудал манайд огт ирээгүй. Учир нь энэ манай харьяалалд байдаггүй учраас мэдэх боломжгүй. Тиймээс та бүхэн цагдаагийн байгууллагаас асуусан нь дээр байх” гэлээ. Албаны хүний хэлж буйгаар эл хортой тариа нь ТЕГ-ын харьяанд байдаггүй учраас мэдэх ямар ч боломжгүй аж.
Уг нь иймэрхүү асуудлыг хамгийн түрүүнд ТЕГ анхааралдаа авдаг гэж хэн хүнгүй л боддог. Мөн энэхүү асуудлыг хамгийн түрүүнд анхааралдаа авах ёстой газрын нэг нь МХЕГ. Гэтэл тэд ч мөн адил Д.Бат-Эрдэнийн оруулж ирсэн эл допингийн тариаг огт мэдэхгүй гэсэн хариулт өгч байсан нь олны анхаарлыг татаад байна. Тус газраас Буян-Ухаа гаалийн Хилийн мэргэжлийн хяналтын байцаагч Сосорбарамаас асуухыг зөвлөсөн юм.
Ингээд бид түүний 9910… дугаарын утас руу залгаж болсон үйл явдлыг тодруулах гэсэн боловч дуудлагыг аваагүй тул хариулт авч чадаагүй юм.
Энэ бүхэн баттай эх сурвалжийн хэлсэнчлэн бүхий л холбогдох албаны хүмүүс энэхүү хууль бус үйлдлийг олон нийтэд мэдээлэхгүйгээр дарахын тулд “Манайд ийм мэдээлэл ирээгүй” гэсэн дөрөвхөн үгийг хэлнэ гэж байсан нь үнэний ортой байсан. Монгол залуусын маань удмын санд муугаар нөлөөлж үр удмыг нь устгаж байгаа энэхүү хортой бодисыг оруулж ирчихээд байхад яагаад өнөөдрийг хүртэл ихэд нууцлаж байна вэ.
Бид энэхүү мэдээллийг эрэн сурвалжилж хүргэх болно.
Үргэлжлэл бий…
Өглөөний сонин
Р.Саруул