Ю.Идэрцогт: Төлөвлөгөөгүй ажлын бурууг бид үүрэхгүй

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан өнгөрсөн пүрэв гаригт боллоо. Уг хуралдааны үеэр хөрөнгө оруулалтын ажил удааширч байгаа талаар ярилцлаа. Мөн ажил удааширч байгаа шалтгаан нь давхар, давхар хяналтаас үүдэлтэйг хурцаар шүүмжилсэн. Тодруулбал, Үнэлгээний хорооны гаргасан дүгнэлтийг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар давхар хянах шаардлагагүй гэж үзэж буйгаа хуралд оролцогчид хэлсэн юм. Харин Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын дарга Ю.Идэрцогт давхар хянахгүй байх аргагүй. Зарим материал хянагдаагүй байдаг талаар хэлж байсан юм. Энэ тухай түүнтэй ярилцсанаа хүргэе.
–Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын ажил одоогоор хэдэн хувьтай явж байна вэ. Хүмүүсийн хэлж буйгаар ихэнх ажил танай байгууллага дээр гацчихаад байгаа гэх юм?
-Өнөөдрийн удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцсэн асуудал манай газрын ажлын явцын талаар байсан. Өнгөрсөн онтой харьцуулахад манай ажлын явц сайн байгаа. Өмнөх жил 64 хувь нь хийгдсэн, үлдсэн нь саатаж байсан. Харин энэ жил нийт хийх ажлын 82 хувь нь хэвийн явж байна. Өнөөдөр яригдаж байгаа удаашралтай ажлуудын дийлэнх буюу 30 ажлын 26 нь дүүргүүдийн худалдан авах ажиллагаан дээр гацсан.
–Яагаад?
-Үүнд шалтгаан бий. Нэгдүгээрт гарсан шийдвэр удааширч ирдэг. Эрх шилжүүлсэн хугацаа болон тодорхой зураг төсөлгүй, газрын асуудал шийдэгдээгүй ажил очдог учраас хөрөнгө оруулалтын явцад нөлөөлдөг нь үнэн.
–Сая та хурал дээрээс хөөгдөөд гарлаа. Юунаас болов. Үнэхээр танай газар ажил гацаагаад байгаа юм уу?
-Би өөрийнхөө саналыг хэлэх гээд чадалгүй, хөөгдчихлөө. Бүх дарга нар худалдан авах ажиллагааны газраас болоод удааширч байна гэх юм. Эндээс харвал бүх бурууг манай газарт үүрүүлэх гээд байна. Гэтэл үнэлгээний хорооны дарга нар нь бүгд Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд шүү дээ. Тэдний гаргаж байгаа шийдвэр нь хуулийн дагуу тендерийг зөв зохион байгуул гэж манай байгууллагад эрх шилжүүлж өгдөг. Тэгээд манайхаас зохих журмын дагуу хяналт тавих гэхээр бүтэц буруу байна гэх юм. Үнэлгээний хороо шууд эрхтэй байх ёстой. Бидэнд хяналт тавих ёсгүй гэдэг зүйл ярьж байна. Эндээс харвал дарга нарын гаргасан шийдвэр зөв, буруу аль нь ч байсан шууд хүлээн зөвшөөр гэж байгаатай утга нэг. Зарчмын хувьд үнэлгээний хорооны дарга, мэргэжлийн байгууллага хоёрын дунд иймэрхүү маргаан гарч байгаа нь эрүүл систем гэж би харж байна. Тиймээс бид бүтцээ эрүүлээр харах ёстой.
–Тэгвэл хөрөнгө оруулалтын ажил удааширч байгаа нь танай байгууллагаас шалтгаалаагүй гэж та хэлэх гээд байна уу?
-Тэд яагаад бүх бурууг худалдан авах ажиллагааны газарт байна гээд байгаа юм бэ. Бидний ажлыг зааж зааварлаж болохгүй гэчихээд алдаагаа, буруугаа манайх руу чихэх хэрэггүй. Учир нь тэд шийдвэрийг нь гаргадаг, бид алдааг нь үүрдэг зарчим байж болохгүй. Бид Сангийн яамнаас холбогдох мэргэжилтэн, удирдлагуудаас чиглэл авч ажиллаж байна. Мэдээж тодорхой чиглэл, бүтэц байх ёстой. Гэхдээ хуулийн дагуу ажиллана.
–Үнэлгээний хорооноос гаргасан үнэлэлт алдаатай байсан тохиолдол бий юу?
-Хөрөнгө оруулалтын газраас гаргасан тоогоор 30 ажил тодорхой хэмжээгээр буцсан байна. Эндээс харахад тендерийн шаардлага хангаагүй компани шалгаруулсан байгаа юм. Үүнээс дөрөв нь нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас гарсан байдаг. Тэгэхээр мэргэжлийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийн чадвар, чадавхийг сайжруулах хэрэгтэй гэж харж байна. Түүнчлэн чанартай худалдан авах боломжоор хангаж, уулзалт семинар, сургалтыг байнга зохион байгуулдаг. Тийм ч учраас өнгөрсөн жил манайхаас гарч байгаа ажил сайн байгаа. Манай үнэлгээний хорооны дарга нарт сургалт, семинарыг хийх зайлшгүй шаардлага тулгарсан гэдгийг л өнөөдрийн хурлаас харж болно.
–Үнэлгээний газраас гарсан ажлыг худалдан авах ажиллагааны газар болон хөрөнгө оруулалтын газар гээд давхар, давхар хяналт хийж байгаа нь ажлын явцыг удаашруулж байх шиг санагдлаа?
-Хяналт хийж байгаадаа удааширч байгаа зүйл огт байхгүй. Хамгийн гол нь анхнаасаа төсвөө суулгахдаа газрын асуудал шийдэгдээгүй эсвэл төсөвгүй, зураггүй гээд төлөвлөлтөө буруу хийсэн байдаг. Буцаад эрх шилжиж ирж байгаа хугацаа нь аль хэдийнэ ажил хийх улирал дууссан байх тохиолдол бий. Түүнээс нийслэлийн болоод дүүргийн худалдан авах ажиллагааны газраас шалтгаалсан зүйл байхгүй. Бид зураггүй, төсөвгүй тендер зарлахыг хориглосон. Тиймээс энэ асуудлыг зохион байгуулах газар, хүн нь үнэлгээний хорооны дарга. Тэрээр бидэнд ч тодорхой чиглэл өгч, шахаж шаардах эрхтэй.
–Талцаж маргалдахын оронд богино хугацаанд шийдвэрлэх ямар гарц байгааг эрэлхийлэх боломжгүй юм уу?
-Төлөвлөлт сайн байх ёстой. Мөн ажил эрт шилжээд ирвэл хавартаа амжуулаад зохион байгуулах бүрэн боломжтой. Жишээлбэл, өнгөрсөн жилийнхээс 40 гаруй хувиар илүү явж байна. Энэ нь удирдлагын зөвлөлийн хурал болон бусад хуралдаан дээр тогтмол асуудлыг тавьж байсны хүчинд батлагдсан төсөл маань зураг, төсөлтэй ирж байгаа. Нэгэнт эрх шилжиж манайхаар зохион байгуулуулна гэвэл эрт өгөх хэрэгтэй. Түүнээс он дуусч байхад өгчихөөд худалдан авах ажиллагааны газраас шалтгаалан удааширч байгаа гэж ярих нь буруу гэдгийг л хэлмээр байна.
Д.ОЮУНЧИМЭГ
ЗУУНЫ МЭДЭЭ