Наадмын хонь тарга, тэвээрэг наснаасаа хамаарч 100-250 мянган төгрөгийн үнэтэй байна

Үндэсний их баяр наадам болоход дөрөв хоног үлдлээ. Нийслэлчүүд бид баяр наадмыг тохиолдуулан хонь мал худалдан авч, шинэ шөл уухыг дор бүрнээ хичээдэг. Тэгвэл малчид аль хэдийнээ хол, ойр гэлтгүй малаа туугаад хотод ирээд байна. Хотын баруун, зүүн захын товчоог өнгөрөөд хонь, ямаа худалдаалж буйтай таарна. Хот дотор амьд мал борлуулахыг хориглосон тул баруун талд Эмээлт, зүүн тийш Баянзүрхийн товчоо орчимд малын зах гардаг болоод байгаа. Өөрөөр хэлбэл 22-ын товчооны цаана, Эмээлтийн давааны наана бэсрэгхэн малын худалдааны цэг бий болжээ. Энэ цэг дээр голдуу баруун аймгуудаас бог мал ачин ирж нийслэлчүүдэд борлуулдаг. Бид банязүрхийн товчоо орж хонь малын үнэ ханш ямар байгааг сурвалжиллаа. Зүүн тийшээ хонь хайвал хол явах шаардлага алга. Баянзүрхийн товчоо өнгөрөөд, цаахна нь байх “Ургах наран” хорооллын урдхан талд хонь, ямаа худалдаалах цэг ажиллаж байна.
Төмөр хайсаар том хашаа татаж, хашаан дотроо хэсэг хэсэг зай гарган тусгаарлаж, тэндээ хонь, ямаагаа хашжээ. “Портер” машины тэвшин дээр ч ачсан харагдлаа. Мал худалдан авъя гэсэн хүмүүс тойрч үзээд дуртайгаа шилж авч байна. Энд зүүн аймгаас голдуу тухайлбал Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Багануур, Төв зэрэг аймгуудын малчид малаа ачиж, зарим нь тууж иржээ.
Зарим малчид хонио хурдхан борлуулаад буцахын тулд арай хямдруулж байна
Хонь нас болон тарган туранхайгаасаа хамаараад өөр өөр үнэтэй. Ямаа мөн л адилхан. Зарим малчид хурдхан борлуулаад буцахын тулд тохирсон ханшаас арай хямдаар ч өгч байв. Хэнтий аймгийн малчин залуу эр хонио 250 мянга, төлөг 120 мянга гэж дуугарч байхад Баянхонгорын малчид арай хямд, эр хонио 240 мянга, төлөг, шүдлэнгээ 80-120 мянгад шилээд ав гэцгээж байв. Тэд 260-аад хонь, ямаа машинаар ачиж ирсэн гэнэ. Тэднийх хашааны хамгийн хойд захад болохоор хүмүүс ирэхгүй, үүдээр ирчихээд буцаад байна гэж урам муутайхан байсан юм. Ченжид бөөнөөр нь зарчихаад явчихмаар байгаа ч хямдхан авах гээд байдаг тул аргагүйн эрхэнд өөрсдөө зогсож зарж байна гэцгээж байлаа. Хашааны үүдээр очоод, хүмүүсийг угтаж аваад хонио зараад байж болох ч ченжүүд уурлаад байдаг учраас чаддаггүй гэж байсан юм.
Хонь эрэлт ихтэй байгаа
Ерөнхийдөеө"Ургах наран" хорооллын урд байрлах худалдааны цэгт хонь, ямаа дараах үнэ ханштай байлаа. Хонины хувьд төлөг-100 .000-130.000, шүдлэн, хязаалан хонь /24-25 кг мах гарах/120.000-160.000, соёолон хонь-160.000-230.000, ирэг /37-39 кг мах гарах/-240.000-250.000 бол ямааны хувьд борлон-80.000- 130.000, хязаалан-120-000-130.000, сэрх-140.000-150.000 төгрөгийн үнэтэй байна. Хонины үнэ ханш нь тарга тэвээрэг, наснаасаа хамаарч 100-250 мянган төгрөг байгаа бол ямаа 80-150 мянган төгрөгийн үнэтэй байна. Мал худалдаалж байгаа малчдын ярьж байгаагаар энд малын хулгай их гарч байгаа бөгөөд энд ирээд 1-3 хоногт ачиж ирсэн хонио дуусгаад буцаж байгаа гэлээ.
Мал худалдаалах цэгт өдөрт 10.000 төгрөгийн татвар төлөх ёстой
Өнгөрсөн жил Баянзүрхийн товчоо өнгөрөөд зам дагуу малчид дуртай газраа малаа бөөгнүүлөн хашиж, машин дээр ачиж зарж байсан бол энэ жил дэгэнд орж. Баянзүрх дуүргийн XI хорооноос "Ургах наран"-гийн урд талд тусгай цэг гаргасан нь энэ аж. Нэг байцаагч малчидтай гэрээ хийж явахтай бид таарлаа. Тэрбээр "Нэг талаас Баянзүрх дүүргийн XI хорооны Засаг дарга, нөгөө талаас мал улирлын чанартай зарах иргэн" гэсэн гэрээ байгуулж явав. Гэрээ байгуулсан малчин өдөрт нэг хашаандаа 10.000 төгрөгийн татвар төлөх ёстой гэнэ. Энэ нь машины тэвшин дээр мал зарж буй наймаачдад мөн адил хамаарах юм. Гурван хоногийн өмнө тусгай цэг гаргаж, өдөрт 20.000 төгрөгийн татвар авч байсан ч малчдын/наймаачдын/хүсэлтээр 10 мянган төгрөгөөр буулгажээ.
Худалдаж авсан хонь, ямаагаа муулж чадахгүй хотынхонд туслах төлбөрт үйлчилгээ энд нэвтэрчээ
Хонь худалдаж авч байгаа хүмүүс ч их байна. Байсхийгээд л нэг машин ирж хонь аваад явах юм. Худалдаж авсан хонио газар дээр нь нядлуулах бол тэнд нэхийн дээр нь таван мянган төгрөг нэмээд өгчихөд болохоор юм. Худалдаж авсан хонь, ямаагаа муулж чадахгүй хотынхонд туслах төлбөрт үйлчилгээ энд нэвтэрчээ. Хонь яамааны амь таслахад таван мянга, харин өвчиж, янзалж өгвөл хөлсөнд нь нэхий болон өлөнг нь авдаг. Нэхий, өлөн нийлээд 10 мянган төгрөгийн ханштай гэнэ. "Ургах наран"-гаас урагшаа, замын урд талын хашаанд хоёр гэр барьсан байх бөгөөд тэнд гэдэс арилгах үйлчилгээ байгаа гэсэн. Гэдэс арилгахад таван мянган төгрөгийн ханш тогтсон гэлээ. Харин боодогны төлөг туламлахад 30 мянга, борлон туламлахад 25 мянган төгрөгийн ханштай гэв. Хонь нядалж, гэдэс арилгаж буй арваад хүн бий ажээ. Нэг хүн өдөрт дунджаар долоогоос найман хонины гэдэс цэвэрлэж байгаа гэсэн. Харин амралтынхаа өдөр хорь шахам мал муулж байна. Ингээд бодохоор ажлын өдөр 50-80, амралтын өдөр зуу хол давсан хонь зарагдаж байгаа гэсэн үг аж.
Энд малын хулгай их гарч байна
Энд дандаа малчид ирж хонио зардаг. Ченжүүд бараг байхгүй. Харин өглөөгүүр ганц нэг ченж ирж хонь авч тэр дор нь мах болгоод аваад явдаг юм байна. Бусад нь дандаа гэр бүлээрээ, эсвэл албан байгууллагаараа салхинд гарахаар хотоос гарч яваа хүмүүс. Наадам дөхөх тусам шөлний хонь сурсан хүмүүс нэмэгддэг ч гэлээ долдугаар сарын хорьд, наймдугаар сарын эхээр борлуулалт илүү сайн байдаг гэсэн. Хоттой ойрхон салхинд гарч яваа хүмүүс эндээс хонио аваад хөдөлдөг ажээ. Мөн энд малын хулгай их гарч байгаа гэнэ. Зарж байгаа хэдэн хонио шөнө хүзүүнээс нь тэврэх нь холгүй манаж хонохгүй бол хулгайч нар нүд ирмэхийн зуур л аваад явчихдаг болжээ. Энд ирсэн эхний долоо хоногт арваад хонь хулгайд алдсан талаар малчид ярьж байлаа.
Нийслэл таймс
А.Халиун