Залбирах л үлдлээ

Дэлхий дэлэгнэж, мон­гол­­чууд “өвөл бо­лохыг мартдаг” цаг ир­жээ. Ир­гэд улс оронд нүүр­лэ­сэн эдийн зас­гийн хүнд­рэ­лийг умартан ха­маг мөн­гөө хонь, хуушуур хоёрт өгө­хөөр зэхэж байна. Баяр ёс­ло­лыг элбэг дэлбэг угтвал тэр жилдээ өнгөтэй өөдтэй яв­на гэж бэлгэшээдэг монгол ёсоо буруутгалтай биш.

Эрх ба­риг­­чид “Үүнийг л баталчихвал эдийн засаг сэргэж сайн сайхан бол­но” гэж ухуулаад байсан Ашигт малтмалын тухай хууль, Газ­рын тосны тухай хуулиа чуул­ган завсарлахтай уралдаад ба­талчихсан болохоор “Намар гэхэд гайгүй болчихно” гэлцэн сэт­гэл амар наадамлах нь ар­гагүй. Гэвч, баталчихвал л мөн­гөтэй болчих юм шиг ярьсаар ба­талсан тэр хуулиуд иргэдийн амьд­ралд шууд нөлөөлдөг хууль биш. Өөрсдөөс шалт­гаалах бүх­нийг хийхээс гад­на “Эдийн зас­гийн бурхан тэн­гэр”-т олон удаа залбирч байж л ир­­гэдийн амьд­ралд гэгээ тусах магад­лалтай юм.

Товчхондоо, бүх зүйл сайхан болох болоогүй байна. Ашигт малт­малын тухай хуулийн ту­хайд гэхэд, хайгуул хийх тал­байгаа товлож, хөрөнгө оруу­лагчидтай тохирчихсон биз­несмэнүүдийн ажил ам­жилттай байж гэмээ нь хэдэн аж­лын байр бий болж, дам ут­гаараа улс орны эдийн засагт эер­гээр нөлөөлөх жишээтэй.

Ашигт малтмалын хуульд орсон чу­хал өөрчлөлтийн нэг нь хай­гуулын тусгай зөвшөөрлийг одоо байгаагаас нь хоёр да­хин нэмэгдүүлж нийт газар нут­гийн 15 хувьд хүргэх тухай. Нэ­мэгдэж байгаа 7.5 хувь дээр хө­рөнгө оруулах гадныхан хоёр хөршөөс эхлээд олдох байх л даа. Гэхдээ бас залбирах хэрэг гарна. Хайгуулын тусгай зөв­шөөрөл бол ашиглалтынх биш шүү дээ. Тэндээс юм гарч ч болно, үгүй ч байж болно. Гадны хөрөнгө оруулагчид маш их хөрөнгөөр хоосон талбайд хайгуул хийж, юу ч олохгүй гарах магадлал их.

Монгол Улс бүх газар нут­гийн­хаа 47 хувьд хайгуулын тусгай зөв­шөөрөл олгочихсон байсан үе бий. Өөрсдөө мөн­гө гаргаад хай­гуул хийж ча­дахгүйгээс хойш “Юм олбол да­вуу эрхээр эзэм­шүүлээд хам­тарч ашиглая” гэсэн зарчим тэр үед үйлчилж бай­сан нь тийм ч буруу биш. Гагцхүү эдийн засгийн болом­жийг нь тоо­цолгүй нэг аж ахуйн нэгжид хэтэрхий их тал­бай, олон лиценз олго­сон нь алдаа байсан юм.

Жи­шээлбэл, Оюутолгой гэсэн ганц төслөө хөрөнгө гаргаад сан­хүү­жүүлчихэж чадахгүй “Айвен­хоу майнз”-д хэтэрхий олон тусгай зөвшөөрөл өгч “ченж” хийх боломж олгосон нь анхнаасаа буруу байсан. Ийм аж ахуйн нэгж олон бай­сан, одоо ч байгаа. Олон зөв­шөөрөл ав­чихаад хөрөнгө гар­гаж хай­гуул хийж чадахгүй боло­хоо­роо өөр хөрөнгө оруулагчид шил­жүүлдэг, ингэхдээ ашиг гаргаж зар­даг байсан явдал харин шинэ хууль гарснаар цэгцэрч байна.

Төр хайгуулын лиценз олгох талбайг зааж өгдөг болсноор “Чадал, хэр хэмжээндээ таарсан хэмжээний талбайд зөвшөөрлөө ав. Тэр талбайнхаа тэдэн хувьд тийм хэмжээний хөрөнгөөр хайгуул заавал хийсэн байх шаардлагатай. Чадахгүй бол буцааж өг” гэж хэлж чаддаг боллоо гэсэн үг юм. Энэ бол яалт ч үгүй маш том дэвшил. Шинэ, шинэ ордууд нээгдэх тусам улс орны үнэлэмж өсч, ирээдүй нь баталгааждаг. Тий­мээс хайгуулын лицензийг ол­гохгүй байсаар үгүй болгох биш, зохистой хэмжээнд /15 хувь/ барих болсон нь зөв.

Эрх баригчид гэхдээ хай­гуулд найдахаас гадна нөөц нь тог­тоогдчихсон ордуудаа ашиг­лах тал дээр анхаарах ёстой. Төс­вийн хөрөнгөөр нөөц нь тог­тоогд­чих­сон том ордууд дээрээ хөрөн­гө босгож ашиглах, уул уурхайн сал­барт хамаг байдаг хөрөнгөө зар­чихсан үндэсний аж ахуйн нэг­жүүдээ дэмжээд босгоод ирвэл үр дүн илүү хурдан гармаар санагдана.

Шинэ хуульд туссан байсан ч батлагдах явцад хасагдсан нэг чухал өөрчлөлт нь төр уул уурхайн салбараас зайгаа ба­рих бол­сон явдал. “Төр муу мене­жер” гэж ярьдаг хэрнээ “Төр авах ёстой, эзэмших ёс­той” гэж ха­чин юм ярьдаг. Нэр бүхий бизнесмэ­нүү­дээс хувь­цааг нь хурааж байх үед УИХ-ын гишүүн асан А.Мурат “Төр муу менежер, гэхдээ Та­ван­­толгойг авах ёстой” гэж хэлж байлаа. Одоогоос зургаан жи­лийн өмнө.

Тэр үеэс хойш Та­­ван­­толгойн бүлэг ордын тө­рийн мэдлийн хэсэг нь бараг хө­дөл­сөнгүй. Тавантолгойг ингэж ун­таж байх зуур урд хөршөөс хөрөнгө оруулалт татсан ч гэсэн Ухаа худагийн орд амжилттай ажиллаж байна.

Хэрвээ нэгэнт л зэрэг зэрэг ашиг­лаж “тэсрэлт” хийж чадах­гүй юм бол хувийн хэвшилд бо­лом­жийг нь олгоод төр аж ахуйн ажилд нь хутгалдахгүй зөв­хөн аш­гаа хүртээд явах гэ­дэг байж болох хувилбар. Энэ зарчмын анх­­ны үр дүн нь Цагаан суваргын зэс молибдений орд боллоо. Ам­жилттай ажиллаж босгоод ирээ­сэй гэж залбирах л үлдэж байна.

Ашигт малтмалын шинэ хууль батлагдсанаар “Урт нэр­тэй хууль”-д хамрагдах тал­байд олгогдсон тусгай зөв­­шөөр­лүүд сэргэж байгаа. Ин­­гэс­нээр байгаль орчинд сөр­гөөр нөлөөлөх хэдий ч энэ нь 2-3, сунгалаа гэхэд таван жил үйлч­лэх юм. Дээрээс нь төр хөрөнгө оруу­лагчдын нэхэм­жил­­сэн асар их төлбөрөөс чөлөөлөгдөж бай­на. Шинэ хууль ёсоор “Урт нэр­тэй хууль”-ийн талбайд дахин зөв­шөөрөл олгохгүй учир цаад тал нь таван жилийн дараа энэ асуудал цэгцэрч, Б.Бат-Эр­дэнэ тэргүүтэй гишүүдийн са­наа амрах нь. Тэр болтол “Гол усыг минь бага шиг бохир­дуу­лаад гараасай билээ” гэж зал­бирахаас өөрцгүй.

Наадам дөхүүлээд бушуухан батлагдсан бас нэг хууль нь Газ­рын тосны тухай хууль. Гэх­дээ гишүүдийн ярьж бай­гаагаас үзвэл, өмнөхөөсөө дээр­дээгүй, 1993 оны гэрээгээ ба­талгаажуулсан хууль гарсан бо­­лол­той. Гэхдээ Д.Ганхуяг  сай­дын ярьж байгаагаас үзвэл, бү­тээг­дэхүүн хуваах гэрээний хувь хэмжээ хэвээрээ үлдсэн ч манайх өөрт ногдох тосоо бо­ловсруулах боломжтой болжээ. Үүнээс “Петро Чайна Дачин Тамсагтай хийсэн гэрээнд бага зэрэг өөрчлөлт орсон бололтой. Дарханы үйлдвэр бичиг цаасны ажил нь дууссан. Хурдхан ба­ригдаасай. Бас л залбирал.

Эндээс харахад, сая батлагд­сан хууль эдийн засагт огцом нө­лөөлөхгүй нь тодорхой бай­на. “Хоёр дахь Эрдэнэт” гэж нэр­лэдэг Тавантолгой Хятадын ком­панид 120 сая ам.долларын өр­тэй. Энэ жилдээ багтаад нүүр­сээр өрөө дарчихна гэж байсан ч цаад тал нь “агуулах дүүрсэн” гэсэн шалтгаар эр­чимтэй зөөхөө больсон гэнэ. Ин­гэхээр өр төлөгдөж, таван­тол­гой ашиг олж эхлэх хугацаа улам л цаашилсаар. Гэхдээ тус компани болгох бүтээх талаас хичээж ажиллаж байна. Цагийн бай­дал тийм ч сайн биш байна. “Мон­гол хүн амны билгээр” гэж ярилц­даг ч нижгэр наадамлаж, мөн­гө үрэх хэрэг одоохондоо алга.

Монголын мэдээ

Х.Батсайхан

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button