Ш.Мандахбаяр: Монгол долларыг үзэгчдэд сонирхуулж байна

Их Монгол Улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын түүхт 93 жилийн ойн баярт зориулж эртний зоос, мөнгөн тэмдэгтийн үзэсгэлэнг өнгөрсөн сарын 11-нээс эхлэн Төрийн түүхийн музейд иргэдэд үнэ төлбөргүй үзүүлж байгаа билээ. Энэ үзэсгэлэнд Монголын эзэнт гүрний үеэс өнөөг хүртэл гүйлгээнд хэрэглэж байсан болон дурсгалын зоос, мөнгөн тэмдэгтүүдийг дэлгэжээ. Үзэсгэлэнд оролцогч Монголын зоос судлалын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ш.Мандахбаярыг энэ удаагийн “Хобби” буландаа урълаа.

-Үзэсгэлэнд тавигдсан эдгээр ховор цуглуулганы талаар мэдээлэл өгөөч?

-Монгол банкныхан өнгөрсөн сарын 11-нд өөрсдийн эрдэнэсийн санд хадгалагдаж байдаг нэн ховор зоос, мөнгөн тэмдэгт болон хувь хүмүүсийн, өмнө нь олон нийтэд дэлгэж байгаагүй зоосны цуглуулагуудтай хамтатган үзэсгэлэн гаргалаа. Түүнчлэн Их Монгол Улс болон Юань гүрний үеийн холбогдолтой зоос, Ардын хувьсгалын үеийн нэн ховор мөнгөн тэмдэгт, зоосууд ч бий. Мөн Ардын хувьсгалын үед хамаарагдах 1925 оны арванхоёрдугаар сарын 8-нд гаргасан анхны цоолбор мөнгөн тэмдэгтээс хамгийн сүүлд 2001 онд гаргасан отгон зоосон мөнгө байгаа.

-Цуглуулганд байгаа хамгийн эртний зоосыг сонирхож болох уу?

-Монголын эзэнт гүрний 1200-1300 он хүртэлх 100 жилийн түүхийг агуулсан 120 орчим зоос бий. Эдгээрийг нарийн технологи ашиглаж хийгээгүй ч дахин давтахгүйгээр урласан юм билээ.

-Тэгвэл хамгийн том зоосыг сонирхож болох уу?

-1990 оноос хойш Чингис хааны хөрөг бүхий нэг кг жинтэй зоосыг гаргасан. Энэ зоосыг Нууц товчооны түүхт ойгоор гаргасан гэдэг. Манай үзэсгэлэнгийн хамгийн том зоос энэ юм.

-Ардын хувьсгалын эхний жилүүдэд зарим аймагт өөрийн зоосон мөнгөтэй байсан гэдэг. Танай үзэсгэлэнд тэдгээрээс бий юү?

-Баянхонгор аймагт Чин Сүжигт Номун хааны хүрээ, Ламын гэгээний хүрээнд таван пүнгийн үнэлгээтэй зоос, Өмнөговь аймагт нэг цэнгийн тиз, Завхан аймгийн нутаг Ялгуусан хутагтын шавьд хүрч байсан зоос, Нийслэл хүрээнд гүйлгээнд ашиглаж байсан Хүрээний их сангийн 300, 500-гын зоосон тэмдэгт манай үзэсгэлэнд бий. Мөн 1924 онд Данзан гуай ЗХУ-д захиалж хийлгэсэн доллар байгаа. Гэхдээ үүнийг гүйлгээнд огт ашиглаж байгаагүй юм билээ. Монголын анхны бөгөөд сүүлийн гэж хэлж болох энэхүү долларыг анх удаа үзэсгэлэнд дэлгэж байна.

Д.ЖАВХЛАН

ЗУУНЫ МЭДЭЭ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button