Б.Болор гишүүний баяр хөөр

Архангай аймгийн Тариат, Чулуут сумдын унаган хүүхдүүд болох УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, гишүүн Б.Болор нарын санасан хэрэг нь сэтгэлчлэн бүтэж, өчигдөр тэр хоёр шиг баяр хөөрөөр жигүүрлэж, бараг л нисэх нь холгүй догдолсон эрхэм гишүүд байгаагүй л болов уу. Улсын баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт санаачлан оруулсан Р.Гончигдорж, Б.Болор нарын хувьд Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Даян аварга Г.Өсөхбаяр Монгол Улсын Дархан аварга болсон нь архангайчуудаас “оке” үнэлгээ салгах хамгийн том ажил болсон нь ойлгомжтой.
Өчигдөр төрийн ордны ёслол хүндэтгэлийн танхимд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг морилон орж ирэхээс өмнө УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржийн толгой хаалгаар нэг бултасхийснээ төдхөн сураг алдарсан бол эрхэм гишүүн Б.Болор Соёл, спорт аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлтэй элдвийг хөөрөлдөнгөө байн байн хаалга руу харж, сэтгэл нь тогтож өгөхгүй нэг хэсэг дэвэлзсэн юм.
Чухамдаа Дархан аварга цол авах гэж байгаа хоёр бөхөөс илүүтэй эрхэм гишүүн Б.Болор тогтож, сууж чадахгүй догдолж байгаа нь тэнд цугласан олны хараанаас мултраагүй. УИХ-ын хуралдааны танхимд өдрийн од шиг үзэгддэг эрхэм гишүүнийг тийнхүү хүүхэд шиг хөөрөн догдлохыг нь олон хараагүй гэрэл зурагчид түүний зургийг хавтай сайхан авцгааж харагдсан. Бодвол “Б.Болор гишүүний баяр хөөр” нэртэй бага шиг үзэсгэлэн гарч ч болзошгүй л юм.
УИХ-ын сураггүй гишүүдийн нэгнийг тийнхүү хөл нь газар хүрэхгүй баярлан хөөрч байгааг харахад сонирхолтой л байв.