Түүх, статистик талбайн эздийн талд байна

ДАШТ-ий шөвгийн дөрвийн тулаан өнөөдөр эхэлнэ. Дэлхийн таван удаагийн аварга Бразилийн шигшээ баг дэлхийн гурван удаагийн аварга Германы шигшээ багтай таараад байгаа билээ. Энэ хоёр багийн хувьд аль аль нь алтан медалийн төлөө тоглож байгаа. Бразилийн шигшээ багийн хувьд эх орондоо зохион байгуулж буй энэ удаагийн тэмцээнд босоо байж зургаа дахь алтан дагинаа өргөхийн төлөө хичээж байна. Тэгвэл Германы шигшээ баг дэлхийн аваргаас хамгийн олон медальтай цорын ганц улс гэдэг утгаараа энэ удаад алтан медалиас өөр зүйл тэдэнд хэрэггүй. Харин Өмнөд Америк болон Европ тивийн хамгийн хүчирхэг энэ хоёр багийн тоглолтын өмнө дэлхийн аварга шалгаруулах тэмцээний түүх, статистик Бразилчуудын талд байгаа юм. Тодруулбал Бразил дэлхийн аваргад сүүлийн зургаан хагас шигшээд нэг ч хожигдоогүй, тэд талбайдаа зохион байгуулж буй дэлхийн аваргад энэ шатанд хэзээ ч европ тивийн багт хожигдоогүй, ДАШТ-д Бразил Германтай нэг удаа тоглосон бөгөөд 2002 оны шигшээ тоглолтонд Роналдогийн хоёр гоолоор 2:0-ийн харьцаатай хожиж байсан, 2002 оны ДАШТ-д түрүүлснээс хойш Бразил анх удаа хагас шигшээд тоглох гэж байна, Бразил 2002 оноос хойш Германтай гурав тоглохдоо нэг ч хожигдоогүй бөгөөд нэг хожил, хоёр тэнцээ авч байсан зэрэг эерэг статистиктай талбайд гарах гэж байна. Гэвч Бразилийн шигшээ багийн гол тоглогчдын нэг Неймар шөвгийн наймд Колумбын эсрэг хийсэн тоглолтонд нуруундаа бэртэл авсанаар ДАШТ-ийг өндөрлүүлэхээр болсон билээ. Харин Германы багт ямар нэгэн бэртэл гэмтэл байхгүй байгаа. Энэхүү тоглолтыг ДАШТ эхэлсэнээс хойш алдаатай шүүлтээрээ хөлбөмбөг сонирхогчдын уурыг бараад байгаа Мексикийн шүүгч Марко Родригез шүүн явуулна.
Б.Сансартуяа