Анхаар, наадам "хэсэгчдэд" хаалттай

Энэ жил Монгол улсын бараг бүх сум ой тэмдэглэх бололтой. Аймаг болгонд л хэд хэдэн сум 60,90 жилийн ойтой байгаа. Тийм болохоор бүгдээрээ улсын баярын дараа ойн баяраа хийх юм билээ. Ямар ч байсан Өмнөговь аймгийн хэмжээнд зургаан сум 90, гурван сум 60 жилийн ойтой. Гэх мэт олон сум тэгш ойн жилээ тэмдэглэхээр бэлтгэж, бүтээн байгуулалт өрнүүлж байна. Мөн хандив цуглуулах нөхдүүд ч ажлаа сайн хийж байгаа сурагтай. Хамгийн гол нь ойн хүрээнд наадам болохоор улсын цолтой бөхчүүд, алдарт уяачид наадам дамжиж хэсдэг нэг зовлон бий. Аль болох олон сумын ойн наадамд барилдаж, хамаг бай шагналыг нь хамаад явдаг бөх байх. Мөн хэдэн морио том машинд ачиж аваад л аймаг, сум дамжин наадамлаж, бай шагнал цуглуулагчид ч бий.
Тэгэхдээ зүгээр ч нэг хэсэхгүй, хор найруулна, наадам будилуулна. Дундговьд гэхэд улсын цолтой нөхдүүд очиж наадам будилуулаад, түрүүлсэн бөхдөө цол өгөхгүй байх дээрээ тулж байсан түүх байна. Булган аймагт ч гэсэн бөхийн барилдаанаа хаалттай хийж байсан тохиолдол гарч байсан юм билээ.
Бас л улсын цолтой бөхчүүд очиж наадмыг нь бусниулах, будилуулах гээд байхаар нь Засаг даргын авсан арга хэмжээ гэсэн. Тэгвэл өнөө жил ой тохиож байгаа сумдууд өөр өөрсдийнхөө хэмжээнд асуудлаа шийдэж байгаа бололтой юм.
Тухайлбал, Сүхбаатар аймгийн ИТХ-аас наадамдаа гадны бөх барилдуулахгүй байх шийдвэр гаргажээ. Ер нь Сүхбаатар аймгийн бөхчүүд Хэнтий, Дорнод аймгийн наадамд зодоглохоор очиход барилдуулдаггүй гэнэ. Тиймээс Сүхбаатар аймгийнхан ч ийм шийдвэр гаргаж. Магадгүй энэ шийдвэр нь тэгш ойтой сумдад ч хэрэгжих байх. Наадмаа будилуулахгүй, улсын цолтой бөхчүүдийн найрааны талбар болгохгүй гэж ингэж байгаа гэсэн. Болж л байна.
Тэгвэл Өмнөговь аймгийн хэмжээнд ой тэмдэглэж есөн сум баяр наадмаа нэг өдөр зэрэг зохион байгуулахаар болсон юм билээ. Бас л наадам хэсч, бай шагнал цуглуулдаг нөхдөөс сэргийлж байгаа үйлдэл гээд ойлгочиход болохгүй юмгүй. Ерөнхийдөө сум орон нутаг, аймгийн удирдлагууд иргэд нутаг нутагтаа сайхан наадаг гэсэн утгаар ийн нэг өдөр зэрэг зохион байгуулж байгаа гэж тайлбарласан байсан. Гэхдээ түүний цаана олон бодол,төлөвлөгөө байж таарна. Өмнөговь аймгаас улсын цолтой бөх тийм ч олон биш. Улсын начин Ц.Одбаяр, Т.Энхтуяа, Б.Сумъяа гээд дөрвөн л начин цолтон байгаа. Дээрээс нь хэдэн гайгүй аймгийн арслан цолтонтой. Эдгээр бөхчүүд нь өөр өөрийнхөө төрөлх нутгийн ойд барилдах байх. Тэгээд ч Өмнөговь аймгийн сумдын ойн баяр наймдугаар сард болох учраас улсын цолтнууд бүгд явах нь тодорхой.
Тэгэхээр хэдэн сумдаар тарж л барилдах нь бололтой. Ингэж зохицуулахгүй бол хэдэн улсын болон аймгийн цолтой бөхчүүд нийлж, хэдэн сумаар нь хэсээд, найраа энэ тэр хийж, бай шагналыг нь хамаад явчихна. Уяачид ч ялгаагүй дээ. Харин наадам нь нэг өдөр тохиож байгаа болохоор наадам хэсэгчдийн хөлд дарагдахгүй гэж сэтгэжээ.
Уг нь бол баяр наадам гэдэг эртэй бөх, хурдан морь, мэргэн харваачтай байж гэмээнэ сайхан болдог. Сумын наадам гэлтгүй улсын цолтой бөхчүүд хүч үзээд, сайхан барилдвал ард түмэнд үзэх харах юмтай байх нь мэдээж. Гэхдээ бөхчүүд үнэн хүчээ үзэж барилдахын оронд сумын наадмыг хүртэл найрааны дэвжээ болгож хувиргаад байгаа болохоор орон нутгийнхан хүртэл сэтгэл амар баярлаж чадахгүй, энэ мэт шийдвэрийг гаргаж байна. Тэгэхээр, анхаар наадам хэсэгчдэд хаалттай гэсэн бичиг хадахаас өөр яалтай билээ дээ.
Н.Пунцагболд