А.Гантулга: Буцаагдсан 323 байрыг дахин сугалаа явуулж, хуваарилна

Төрийн орон сууцны корпорациас өнөөдөр мэдээлэл хийлээ. Учир нь “Буянт-Ухаа 1” хорооллын байранд орох эрхтэй болсон иргэдийн зээлийн асуудалд банк шийдвэртэй хариу өгөхгүй байгаа аж. Тиймээс өнөөдөр “Буянт-Ухаа 1” хороололтой холбоотой асуудлуудаар Төрийн орон сууцны корпорацийн Ерөнхий захирал А.Гантулга мэдээлэл хийлээ. Энэ үеэр түүнээс дараах асуултад хариулт авлаа.
-“Буянт-Ухаа 1” хорооллын байранд орох азтан болсон хичнээн иргэн байрандаа ороход бэлэн болоод байна вэ?
-“Буянт-Ухаа 1” хорооллоос орон сууц худалдан авахаар 9094 иргэн захиалга өгсөн. Үүнээс ТОСК-иас тавьсан шаардлагад 5935 иргэн тэнцэж, сугалаанд орох эрхээ авсан. Харин сугалаагаар 1540 иргэн байранд орон эрх хожсон. Сугалаагаар азтан болж байр авах эрхтэй болсон иргэдээс 1134 иргэн байраа сонгож, 30 хувийн урьдчилгаагаа төлсөн. Үүнээс 83 иргэн банкнаасаа зээл аваад, байрандаа ороход бэлэн болсон. Сугалаагаар азтан болсон ч ар гэрийн гачигдал, амьдралын янз бүрийн шаардлагаас үүдэн 323 байр буцаагдсан.
-Буцаагдсан 323 байрыг хэрхэн хуваарилах бол?
-Буцаагдсан 323 байрыг ТОСК-ийн шаардлага хангасан ч аз нь таараагүй иргэдийн дунд дахин сугалаа явуулна. Сугалааг энэ сарын 19-нд “Бөхийн өргөө”-нд өмнөх шигээ олон нийтэд нээлттэй ил тод байдлаар зохион байгуулна.
– Өмнөх сугалаанаас үлдсэн 224 байр байгаа. Эдгээрийг хэрхэн хуваарилсан бэ?
-Засгийн газрын шийдвэрээр эдгээр 224 байрыг яамдуудад квотоор тараасан.
-“Буян-Ухаа1” хорооллыг улсын комисс бүрэн хүлээж аваагүй байгаа гэх мэдээлэл байна?
-Энэ бол жилийн дотор Монголын бүтээн байгуулалтын корпорацитай хамтран босгосон маш том бүтээн байгуулалт. Иргэд зөвхөн орон сууц баригдсан гэсэн ойлголттой байгаа. Гэтэл “Буянт-Ухаа 1” хороолол нь инженерийн шугам сүлжээний шийдэлтэй, иж бүрэн шинэ цэвэрлэх байгууламжтай, цэвэр усны маш том нөөц бүхий хороолол. Одоогийн байдлаар бүх байшинг Улсын комисс 100 хувь хүлээгээд авсан. Мөн Засгийн газрын журман дээр 15 жилийн асуудал яригдсан байгаа. Гэтэл энэ нь Монгол банк, МИК, Санхүүгийн зохицуулах хорооны хуулийн заалтуудтай зөрчилдсөн. Үүнийг Засгийн газрын хуралдаанаар маш хурдтай шийдвэрлүүлсэн. Жишээлбэл, Дорж гэдэг хүн банкнаас зээл аваад банкны зээлээ төлж чадахгүй бол банк орон сууцыг нь хурааж аваад зарах эрхийг нь нээж өгөхөөр бид журманд өөрчлөлт оруулсан. Иргэдэд хоорондоо зарах асуудал үйлчлэхгүй.
-“Буян-Ухаа 1” хорооллын азтан болсон иргэдэд банкууд 8 хувийн зээл олгохгүй байгаа тухай мэдээлэл байна. Энэ талаар тодруулахгүй юу?
-МИК-иас бүх банкуудад албан тоотоо хүргүүлсэн байгаа. Өчигдөр гэхэд Худалдаа хөгжлийн банкныхантай уулзаад зөвхөн Хан-Уул дүүрэгт байгаа 4 салбараар “Буян-Ухаа 1” хороололд зээл өгье гэж тохирсон. Өнөөдөр “Хаан банк”-ны Удирдлагын зөвлөл хуралдаж байна. “Голомт банк” зээл өгөөд эхэлсэн байна. Нэмж хэлэхэд банк бол ТОСК-иас тусдаа. Бид зөвхөн хямд чанартай орон сууц л нийлүүлсэн. Иргэд банкны заасан журмынх нь дагуу материалаа бүрдүүлээд өгөх юм бол бүх банк 8 хувийн зээлээ өгч байгаа.
-“Буянт-УхааII” хорооллын явц ямар төвшинд байгаа бол?
-“Буянт-УхааII” хорооллын 48 байр цугталтаа хийгээд дууссан. Одоо нэг, хоёрдугаар давхрын цутгалтаа хийж байгаа. Бид энэ оны 11 дүгээр сардаа багтаагаад 2000 гаруй айлын орон сууцыг ашиглалтад оруулах зорилготойгоор ажиллаж байна. Цахилгаан, цэвэр ус гээд хүндрэлтэй асуудлууд байгаа ч дор дор нь шийдээд явна.
– “Буянт-УхааII” хорооллын метр квадратын үнэ хэд байх талаар урьдчилсан тооцоо гарсан уу?
-Үнэд өөрчлөлт орохгүй. Өмнө “Буянт-Ухаа1”хороолол шиг 1 сая 280 мянгаар зарагдана.
П.УНДРАМ
оллоо.мн