Хаврын чуулган халуухан болж өнгөрсөн гэв үү

Өнгөрсөн долоо хоногт УИХ дахь МАН-ын бүлгээс мэдээлэл хийж, чуулганы завсарлагаанаар амрахгүй ажиллана гэдгээ мэдэгдсэн.
Тэгвэл өчигдөр УИХ дахь АН-ын бүлэг мэдээлэл хийлээ. Энэ мэдээллийн үеэр УИХ хаврын чуулганыг халуухан болсон гэж дүгнэв. Бүлгийн даргын хэлснээр бол “Өмнөх чуулгануутай харьцуулахад нэг үеэ бодоход үр дүнтэй, эцсийн мөчид харилцан ойлголцол, зөвшилцөл угталцал руу ойртсон” юм байх.
УИХ-ын гишүүдийн зүгээс үр дүнгүй, сайд нарын сандал ширээтэй зууралдсан чуулган хэмээн тодотгосон.
УИХ-ынг бие даагч гишүүн С.Ганбаатар чуулганы хуралдааныг дүгнэхдээ “Хаврын чуулганаар үр дүн муутай ажилласныг би шулуухан хэлнэ. УИХ дахь Бие даагчдын зөвлөлөөс Компанийн тухай хуулиа батлуулж, Хүүхэд харах үйлчилгээний тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн төслүүд ч урагштай байна. Үүгээр бүхнийг сайн, сайхан байна гэж хэлэх гэсэнгүй. Уг нь УИХ Монголын ард түмний бэрхшээлийг шийдэх гэж бий болсон бүтэц. Гэтэл одоо бол УИХ өөрөө ард түмний бэрхшээл болчихоод байна. Яг үнэнийг хэлэхэд энэ байдлаас маш их ичиж байна. Хаврын чуулган дуустал сайд нарыг солих, сандал, ширээний маргаан өрнөлөө. Цаг наргүй хэдэн сайдыг халж, солих тухай ярилаа” хэмээсэн юм.
Гэтэл АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “АН сандалтай ширээтэй зууралдаагүй. АН-ын сандал ширээг нь доголон байлгая гэж хөндлөнгөөс юм хийгээд байгаа. Түүнээс биш бид дотооддоо ямар нэгэн асуудал үүсээгүй гэдгийг онцолж хэлье. Н.Батбаяр сайдын асуудлаар МАН-ын бүлэг цаг хугацаагаа олоогүй үйл ажиллагаа явуулсан. Цагийн юмыг цагт нь хийж чадаагүй. Эдийн засгийн идэвхжлийг зарласан энэ чухал хоногуудад Эдийн засгийн хөгжлийн сайдыг огцруулна гэдэг нь хариуцлагагүй үйл ажиллагаа байсан гэдгийн дахин нотолж хэлэх нь зүтэй. Наймдугаар сард хоёр хөршийн том айчлал болно. Энэ үед Эдийн засгийн сайдгүй байж болох юм уу гэдэг асуудал тавигдаж байгаа. Нөгөөтэйгүүр Эдийн засгийн хөгжлийн сайдыг огцруулахтай холбогдуулаад АТГ-т гомдол гаргаж, Эдийн засгийн хөгжлийн яамтай холбоотой бусад салбарт нэгжлэг хийх болох уу гэдэг бас асуудал. Тиймээс учраас асуудалд зарчимтай хандах ёстой. Энэ бүх байдлыг дүгнээд АН-ын бүлэг засварлага авсан. Энэ нь чуулганы завсарлагаатай давхацсан үйл ажиллагаа болсон. Бид үүнийг буруу гэж бодохгүй байгаа. Нөхцөл байдал цааш яаж эргэхийг намрын чуулганаар харуулах биз” гэлээ.
Үнэндээ хаврын чуулган эхлэнгүүт “Давхар дээл” тайлах хуулийн төслийг хэлэлцэж, эцэстээ энэ хууль парламентийн түүхэнд анх удаа эцсийн хэлэлцүүлэг дээрээ унасан. Дараа нь хоёр сар гаруй хугацаанд УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн өргөн бариад байсан Х.Тэмүүжин сайдыг огцруулах асуудлыг хэлэлцсэн. Гэвч эцэст О.Баасанхүү асуудлаа татан авсан. Үүний дараа МАН-ын бүлгийн гишүүдийн зүгээс Н.Батбаяр сайдад хариуцлага тооцох асуудлыг хөндөж бас нэг сарыг үдсэн. Товчхондоо бол хаврын чуулганаар өрнөсөн үйл явц энэ. Нэг үгээр АН-ын даргын тодотгосон халуухан чуулган нэг ийм л болж өнгөрсөн.
П.УНДРАМ
Оллоо.мн