Эрлийз морьдын адил эрлийз улстөрчдийг тусгаарлах уу

Тун саяхан даа. УИХ-ын гишүүн Х.Баттулга “Херо”-той хамтран “100 чухал сэдэв” нэвтрүүлэг хийсэн хэргээр Ерөнхийлөгчийн өрөөнд дуудагдан очиж, “Айлын хойморт, зурагтын дэлгэцээр битгий цус шинжлээд суугаад бай” хэмээн жаал загнуулаад салсан билээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг хилэгнүүлсэн “цусны шинжилгээ” буюу Монголын улстөр дэх эрлийз, хурлийзуудын асуудал бол байнга л дэгдэж, хэрүүлийн алим үүсгэдэг онцгой сэдэв гэдэгтэй маргах хүн гарахгүй. Ер нь ингэхэд эрлийз хүн, эрлийз адуу гэгч нь чухам юу вэ. Энэ асуудал яагаад ингэж олны анхаарлыг гойд ихээр татаад байдаг хэрэг вэ.
Өнгөрсөн жилийн төрийн их баяр наадмын шүдлэн насны хурдан морьдын уралдаан долоодугаар сарын 10-ны орой Хүй долоон худгийн ногоон дэнжид барианд орсон ч араасаа өчнөөн хэл ам таталж, эцэст нь 365 хоног хоол, нойроо хугаслан зүтгэсэн баахан уяачид “Эрлийз морь уралдуулсан” хэргээр буруудаж, бай шагнал хүртэх нь байтугай бангадуулаад салсан удаатай.
Тэднийг айлгаж, ичээн бүтэн жилийнх нь хөдөлмөрийг ганцхан хоромд устгасан буруутан нь Монгол гүүнээс төрсөн, араб аавтай эрлийз шүдлэн үрээнүүд байсан. Шүдлэн үрээнүүд барианд орсны дараахан баяр наадмын хурдан морины комисс тун яаравчлан хуралдаж, сэрвээний өндрийг нь хэмжиж, сэжигтэй гадаад шинж байдлыг нь нягтлан үзсэний дүнд эхний гуравт хурдлан ирсэн хөөрхий үрээнүүдийг “Эрлийз” хэмээн цоллож, бай шагналыг нь хураан авсан билээ.
Уг нь Төв аймгийн Баян сумын Э.Анарын хээр шүдлэн түрүүлж, Дундговь аймгийн Хулд сумын Ц.Ганхүүгийн хонгор халзан шүдлэн аман хүзүүдэж, айргийн гуравт Төв аймгийн Батсүмбэр сумын Л.Бат-Оргилын зээрд, айргийн тавд Төв аймгийн Лүн сумын Б.Билэгдэмбэрэлийн зээрд халзан шүдлэнгүүд түрүүлэн барианд орсон билээ.
Харин Монгол гүүнээс гарч, Монгол уяачдын бүтэн жилийн хөдөлмөрийн үр дүнд ёстой л торгон ир нь ханаж, чивчийтэл чангарсан эдгээр шүдлэнгүүд морины комиссынхны тогтоосон сэрвээний өндрөөс эхлээд сэжигтэй гадаад шинж байдлаараа буруудаж, ийнхүү бай ч үгүй, банз ч үгүй хоцорсон түүхтэй.
Тэр үед морины комиссынхны хийсэн тайлбарыг сөхөн харвал “Сэрвээ нь хэтэрхий өндөр, биеийнх нь урт монгол адуунаас сэжигтэй урт” байсан гэнэ. Энэ мэтийн сэжигтэй гадаад шинж байдлыг нь гарааны зурхайнаас шалгалгүй уралдуулчихсан хэрнээ барианд оронгуут нь барьж аваад сайтар нягтлан шалгаж, нас, шүдийг нь үзсэн морины комиссынхны гавшгай, шаламгай ажиллагааг юутай ч зүйрлэмээр юм бэ дээ.
Уг нь сүүлийн жилүүдэд эрлийз морьдыг тусад нь уралдуулна гэж баахан хөрөнгө мөнгө зарж, сүртэй ажил зохион байгуулсан санагдана. Гэтэл гуравхан жил ч болоогүй байхад төрийн наадамд тэрхүү томоохон будлиан гарсан.
Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсын иргэнийг яс үндэс, шашин шүтлэг, удам угсаа, гарал үүслээр нь ялгаварлан гадуурхахыг хориглоно” хэмээн заасан байдаг. Тэгвэл хурдан моринд зориулсан “Үндсэн хууль” зохиож ч болмоор юм шиг санагдах боллоо. Яагаад монгол гүүнээс гарсан араб эцэгтэй морьдыг “Эрлийз, хурлийз”-аар нь ялгаварлан гадуурхаж хөлс, хүчээ шавхан зүтгэсэн хөдөлмөрийг нь дэвслэн хаяна вэ.
Энэ жишгээр тооцвол эрлийз морьдыг тусад нь уралдуулдаг шиг Монголын улстөрд хувалз шиг гүн, бат шигдсэн эрлийз, хурлийз улстөрчдийг тусад нь улстөр хийлгэж ч болмоор юм шиг. Яах вэ дээ. Тэдний сонгох, сонгогдох эрхэнд нь ноцтойгоор халдалгүйгээр тусад нь улстөр хийлгэж туршаад үзэхгүй юу. За даа ингэвэл ч ёстой нэг завхарсан юм болох нь тодорхой.
Хэдийгээр УИХ-ын тэр гишүүн нь хятадын эрлийз, хурлийз хэмээн барин тавим ярьцгаадаг ч амьдрал дээр нотлогдсон нь үгүй. Нөгөөтэйгүүр “Би хятадын хурлийз” гээд чанга дуугаар зарласан зоригтой улстөрч одоогоор байхгүй л байна. Харин найруулагч Го. Бадарч гэгч л саяхны будлиан дагуулсан нэвтрүүлгийнхээ үеэр “Би хятадын эрлийз” хэмээн дуугарсан билээ.
Морины комиссынхны дүгнэлтийг хүн дээр жишиж үзвэл ихээхэн сонирхолтой байдал ажиглагдана. Жишээ нь Монгол хүний нурууны өндрийг 50, 60 жилийн өмнөх болон 1990, 2000, 2010 онд төрсөн хүүхдүүдтэй харьцуулаад үзэхэд л ихээхэн ялгаа гарах нь тодорхой.
Хэдийгээр монголчуудын нурууны өндөр харьцангуй нэмэгдэж байгаа ч өнөөдрийн төрийн гурван өндөрлөгийн нуруугаар тооцож үзвэл “Хятадын эрлийз” хэмээн хүмүүсийн хардлагын бай болсоор ирсэн УИХ-ын нэр бүхий гишүүдийг буруутгах үндэслэлгүй ч юм шиг. Гэтэл жинхэнэ төв халх, цэвэр цусны монгол хүнийг УИХ-ын гишүүн Г.Батхүү, М.Энхболд, Ч.Сайханбилэг нарын нурууны өндрөөр тооцож үзвэл тохой залган суугаа С.Баярцогт, Л.Энх-Амгалангаас эхлээд буруутгагдаж мэдэх нөхөд цөөнгүй гарах нь тодорхой. Бидний өвөө, эмээг одооны өвөө, эмээгийн нуруутай харьцуулаад үзэхэд л багагүй ялгаа гарна.
Тэгвэл сүүлийн үед уяачид хурдан морьдынхоо үүлдэр, угсааг сайжруулахын тулд үржил, селекцийн ихээхэн ажил хийж байгааг хурдан морины комиссынхон мэдээгүй биш хамгийн сайн мэдэж л байх учиртай. Монгол морьдын ерөнхий өндөр ихээхэн өөрчлөгдөж байгааг анзаараагүй дүр үзүүлж, уяачдын бүтэн жилийн хөдөлмөрийг үгүй хийж байгаа нь зөвтгөж боломгүй асуудал юм.
Ялангуяа шийдвэр гаргах түвшинд УИХ, Засгийн газрын гишүүдийг эрлийз, хурлийзаар нь ялгаж тус тусад нь хуралдуулдаг болвол юу болох вэ. Үүнийг сайтар бодолцож даруйхан нэг тийш болгохгүй бол эрлийз морьдыг тусгаарладаг шиг эрлийз улстөрчдийн асуудал ч хэзээ нэгэн цагт босч ирэхийг үгүйсгэх аргагүй юм.
Эрлийз адуу, эрлийз улстөрчид өө гэж.
Д.Энхтүвшин