Д.Эрдэнэбат: Бидний гаргасан өмнөх алдаа ч хамтынх, ирээдүйн ололт ч хамтынх байна

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат өчигдөр Хаврын чуулганы хугацаанд хийж, хэрэгжүүлсэн ажлуудынхаа талаар мэдээлэл хийлээ.УИХ дахь АН-ын бүлэг хаврын ээлжит чуулганы хугацаанд 18 удаа, 89 хувийн ирцтэйгээр 67 асуудал хэлэлцсэн байна. Хаврын чуулганы хуралдаан, үр дүнгийн талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбаттай цөөн хором ярилцлаа.

-Энэ удаагийн хаврын чуулганы хуралдааны өмнөх хуралдаануудаас ялгарах онцлогийг юу гэж хэлэх вэ?

-Энэ удаагийн хаврын чуулган илүү үр дүнтэй болж өнгөрлөө. Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулга, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг эдийн засгийн ач холбогдол бүхий гол хуулиудыг баталлаа. Жижиг дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлсөн, Амгаланд баригдах дулааны станцын тоног төхөөрөмжийг холбогдох татваруудаас чөлөөлсөн ач холбогдол бүхий хуулиуд бас батлагдсан. Гэхдээ чуулганы хуралдсан нийт цагийн 50 орчим хувийг Засгийн газар болон сайд нарыг оролдож өнгөрөөсөн байгаа юм. Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засгийн орчныг сайжруулах зарим хуулийн төслүүд хэлэлцэгдээгүй орхигдсонд харамсч байна. Гэсэн хэдий ч намрын чуулганы хуралдааны явцад хэлэлцэн батална гэдэгт найдаж байна. Ирэх намрын чуулганы хуралдаанаар 20 гаруй хуулийн төслийг хэлэлцэнэ. Тухайлбал, Өрийн удирдлагын тухай, Төрөөс төмөр замын тухай баримтлах бодлого, НӨАТ-ын тухай, татварын шинэчилсэн багц хуулиудыг батлах төлөвлөгөөтэй байна.

-Намрын чуулганаар  төлөв­лөгдөж буй хуулийн төслүүдийг баталчихвал үүсч буй эдийн засгийн хүндрэлийг даван туулах боломж бүрдэнэ гэж танай бүлэг тооцоолж байна уу?

-Үүсээд буй эдийн засгийн хүндрэл зөвхөн өнөөдөр үүсчихсэн юм биш. Өнгөрсөн 20 жилийн туршид бий болсон эдийн засгийн суурин дээрээ бүдэрч байна. Намрын чуулганаар хэлэлцэх хуулийн төслөө батлах юм бол 2015 оноос эхлэн Монгол Улс  нийгэм, эдийн засаг улс төрийн шинэ  харилцаанд шилжихэд бэлэн болно. Төрийн бодлого цэгцтэй ойлгомжтой байх ёстой.  Харин Монгол Улсад гялтайх зүйл байхгүй  мэт харагдуулах, хооронд нь талцуулах иргэдэд айдас төрүүлэх явуургүй улстөржилтөд улс төрийн намууд болон улс төрчид  дүгнэлт хийх шаардлага байна.

-“Чингис” бондын өрийн асуудал хаврын чуулганы хуралдаан гэлтгүй цаашид ч мөн яригдсаар л байх бололтой?

-“Чингис” бондын өнөөдрийн өр болон өмнөх Засгийн газрын тавьж байсан өрийн хооронд том ялгаа бий. Өмнө нь 2.7 тэрбум ам.долларыг  уул уурхайн ордуудыг барьцаалж аваад, халамжид тараагаад дуусгасан. Өнөөдрийг хүртэл 17.6 сая ам.долларын хүүгийн алдангийг улсын төсвөөс төлөөд явж байгаа нь үнэн. Харин “Чингис” бондын  мөнгө  бүтээн байгуулалт болоод  жижиг дунд үйлдвэрлэгчдээ дэмжихэд чиглэгдлээ. Экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлчилгээнд “Чингис” бондыг 908 тэрбум, нийслэлийн эдийн засаг, нийгмийн хөгжлийг түргэтгэх төслүүдийг хэрэгжүүлэх хүрээнд 809 тэрбум, хот хөдөөгийн хөгжлийг  хурдасгах төслийн хүрээнд 598 тэрбум төгрөгийг зарцуулсан. Тиймээс энэ бүх өр ард түмний нуруун дээр ирнэ гэдэг нь өрөөсгөл ойлголт  болно. Эдийн засаг дахь төрийн оролцоог нэмэгдүүлсэн, тооцоогүй авсан өмнөх өрүүд бидэнд хүнд дарамт үлдэх нь тодорхой. Ирээдүйд авч буй бүх өр улс орны бүтээн байгуулалт, импортыг орлох, экспортыг дэмжих чиглэлд хандаж байгаа гэдгийг онцолмоор байна.

-Тодруулбал?

-Төр хувийн хэвшлийн хамтын оролцоог дэмжих үйлдвэрлэл  үйлчилгээг дэмжих ажлуудыг хийсэн. Онцлоход, Хөтөлийн цементийн үйлдвэр, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, дулааны III IV цахилгаан станцын өртөтгөл зэрэг ажлуудыг Чингис бондын мөнгөөр санхүүжүүлсэн. Монгол Улсад өгөөжөө өгөх болно гэдэгт бид итгэлтэй байна. Өнгөрсөн онд зөвхөн “Гудамж” төслийн техникийн зардал, цаг хугацаа  хэмнэлт болон бусад хүчин зүйлийг тооцоход  20 тэрбум төгрөгийн эдийн засгийн шууд бус үр өгөөжийг өгсөн. 2014 онд хэрэгжих төслийн хувьд 15 тэрбум  төгрөгийн эдийн засгийн шууд бус үр ашиг өгнө гэсэн тооцоолол байна. Тиймээс хийсэн бүтээсэн бүхэндээ өөр өөрийн дүгнэлтээ өгнө. Төрийн ямар бодлогыг цаашид хэрэгжүүлэх тухай улс төрийн бүх намуудтай зөвшилцөнө. Зарим байнгын хороодод орох боломжийг манай гишүүд ардын намын гишүүдэд суллаж өгсөн боловч Ардын намынханд үүнийг хэлэх зориг дутаж байгаа бололтой.

-Хэдийгээр хууль эрхзүйн орчныг сайжруулах бүрдүүлэх арга хэмжээ авч байгаа хэдий ч валютын ханшны савлагаа тогтворжихгүй байна. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?

-Бидэнд учирч буй хамгийн том хүндрэл валютын ханшнийн савлагаа, экспортын огцом татралт гэдгийг ойлгож байгаа. Долларын ханш савалгаатай хэвээр байгаа, энэ нь ард түмний хэрэглээний сагсанд нөлөөлж байгааг бид мэдэж байгаа. Гэхдээ АН-ын бүлэг эсвэл УИХ хуралдсанаараа үүнийг бууруулж чадахгүй. Эрх зүйн орчныг нь бүрдүүлэхийн тулд хууль тогтоол, шийдвэрүүдээ УИХ баталж гаргасан. Одоо Засгийн газар үйл ажиллагаагаа явуулж байгаа. Валютын ханшийг бууруулах, тогтворжуулах үүрэг нь Засгийн газарт ногддог. Тиймээс эдгээр асуудлуудыг шийдэхийн  тулд бид хамтарч ажиллана. Хаврын чуулганы сүүлийн хуралдааныг зөвшилцөл ойлголцлоор ажил явуулж болно гэдгийг бид харуулсан, нотолсон үйл явдал болсон гэж дүгнэж байна. Бидний гаргасан өмнөх алдаа ч хамтынх. Ирээдүйд гаргасан ололт ч хамтынх байх болно. Тиймээс нэг нэгийгээ үгүйсгэдэг хоосон улстөржилтийг өнөөдрөөс эхлээд зогсоох хэрэгтэй.

-Эдийн засгийг идэвхжүүлэх 100 хоногийн 60 орчим нь өнгөрчихлөө. Үлдсэн 40 хоногт Засгийн газраас өргөн барьсан эрхзүйн шинэтгэлүүдийн хэдэн хуулийн төсөл өргөн баригдсанаас хэдийг нь баталсан бэ.  Хууль эрхзүйн орчих бүрдэхгүй бол хэнтэй хариуцлага тооцох вэ?

-Засгийн газрын оруулж ирсэн гол үндсэн суурь хуулиудыг УИХ баталж өгсөн. Өрийн удирдлагын тухай, Эдийн засгийн ил тод байдлын  тухай хуулийн төслүүдийг баталж амжаагүй. Өрийн удирдлагын тухай хуулийн төсөл 3/2-ын саналаар батлагдах учиртай. Ардын намын байр суурь хол зөрж байгаа. Эдийн засгийн ил тод байдлын тухай  хуулийн төсөлтэй холбоотойгоор намууд бүгд зөвшилцөл гаргадаг. Мөн Ардын нам дэмжихгүй гэсэн байр суурь илэрхийлсэн учраас хуулийн төсөл батлагдаагүй. Засгийн  газрын 100 хоног дуусахад валютын ханшнийн савлагаа болон эдийн засаг тогтвортой болох ёстой гэсэн шаардлагыг манай бүлэг тавьж байна. Үүнийг хэрэгжүүлэхэд УИХ-аас шууд шалтгаалсан нөхцөл байдал үүсэхгүй гэж бодож байна.

-Ашигт малтмалын тухай  хуулийн төслийг хэлэлцэх үед танай бүлэг эвслийн бүлэгтэй санамж бичиж байгуулсан гэсэн. Ямар утга агуулгатай санамж бичиг юм бэ?

-Тус хуулийн төслийг хэлэлцэхэд ойлголцолд хүрээгүй нэг л асуудал байгаа. “Шударга ёс” эвсэлтэй санамж бичиг зурсан. Стратегийн орд  байх эсэх дээр бид санал зөрөлдсөн. Намрын чуулганаар хэлэлцье гэдэгт санамж бичиж зурсан. Энэ удаагийн УИХ бүтэц бүрэлдэхүүний хувьд их онцлог. Уул уурхайд хандах хандлага, иргэдэд баялгаас хувь хүртээх арга зам өөр, өөр байна. Зарим  төрийн оролцоог 51 хувь байлгаж болно гэж үздэг боловч зарим нь төр ихэнх хувийг эзэмших ёсгүй гэж үздэг. Хэрэв шаардлагатай  гэж үзвэл стратегийн орд байх эсэх асуудлаар ард түмнээсээ санал асуулга авахад болохгүй зүйлгүй. Ашигт малтмалын тухай хууль батлагдсанаас хайгуул лицензийн асуудал шийдэгдэж байна. 400 орчим орд газраас улсад 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт  орж  ирэх тооцоолол байдаг. Газрын тосны тухай хууль батлагдсан. Газрын тосны эрэл хайгуул хийх, ашиглах бололцоо нээгдэж байна. Дорнодтой холбоотой асуудалд олон нөхцөл байдлыг судалж үзээд эдийн засгийн болон хөрш орны харилцаа зэрэг аль альных нь тэнцвэрт байдлыг хадгалсан хууль батлагдсан гэж үзэж байна.

-Эдийн засгийн хөгжлийн сайдын асуудлыг сар гаруй хугацаанд сунжрууллаа гэж МАН-аас мэдэгдсэн. Ер нь намрын чуулганы хугацаанд АН сандал ширээтэйгээ зууралдсан асуудлуудад маш их цаг зарцуулсан гэж сөрөг хүчин шүүмжилсэн. Үүнд ямар хариулт өгөх вэ?

-АН сандал ширээтэй зууралдаагүй. Харин АН-ын сандал, ширээг доголон байлгах гэсэн оролдлого хөндлөнгөөс гарсан. Н.Батбаяр сайдын тухайд цагаа олоогүй үйл ажиллагаа явуулсан. Эдийн засгийн идэвхжлийг зарласан энэ үед Эдийн засгийн хөгжлийн сайдыг огцруулна гэдэг нь хариуцлагагүй үйлдэл юм. Ирэх наймдугаар сард хоёр хөрштэй хамтарч, том уулзалт зохион байгуулах гэж байгаа. Ийм чухал үед Эдийн засгийн хөгжлийн сайдгүй байж болохгүй. ЭЗХ-ийн сайдыг огцруулахтай холбогдуулаад, АТГ-т гомдол гарган, энэ салбартай холбогдолтой бусад салбаруудыг хөндөж, нэгжлэг хийж болох уу гэдэг нь хоёр дахь асуудал. Асуудалд бид зарчимтай хандах ёстой. Энэ бүхнийг харгалзан үзээд АН уг асуудлаар завсарлага авсан. Завсарлага авсны дараа чуулган завсарлах таарсан. Бид үүнийг буруу гэж бодохгүй байна. Нөхцөл байдал цаашид яаж эргэх нь намрын чуулганаар шийдэгдэх байх.

-Төмөр замын асуудлаар хаалттай хуралдсаны дараа тог­тоолын төслийг хойшлуулсан. Хуралдааны үеэр юу яригдаад асуудлыг шийдвэрлэлгүй хойш­луулсан юм бол?

-Х.Баттулга сайдын хувьд бүлгийнхээ хуралд сууж байгаа, төмөр замын асуудлаар байр сууриа илэрхийлж байгаа. Төмөр замын асуудлаар УИХ хаалттай хуралдаж, төмөр замын талаар баримтлах бодлогын асуудлыг түр хойшлуулсан. Хойшлуулсан шалтгаан нь БНХАУ-тай байгуулах транзит тээврийн гэрээ, бусад асуудлуудыг бүгдийг шийдвэрлэсний ямар царигтай байх вэ гэдгээ хэлэлцье гэдэг шийдэлд хүрсэн. Үүнийг зөв гэж үзэж байгаа. Төрд нууж хаах юм бий, ил тод ярих ч юм бий. Эдийн засгийн бодлогоо хоёр хөршийн бодлоготой уялдуулж гаргах нь зүйтэй. 

-АН олон фракцитай. Фракциуд нь хоорондоо хөлөө жийлцсэнээс болж бүлгийн хурал хоёр удаа шөнө дөл хүртэл үргэлжилснийг сэтгүүлчид мэдэж байгаа. Фракциудынхаа бодлогыг зангидаж чадахгүйд хүрээд байна уу?

-Бүлгийн хуралдаан урт хугацаагаар үргэлжилж байгаа. Бүлэг дотроо санал зөрөлдөөнтэй асуудлаар маргалдах мэтгэлцэх нь нээлттэй байдаг. Энэ бол АН-д тогтсон жишиг. Үүгээрээ явна. Фракц хоорондын ойлголцол, үл ойлголцол энэ намд байдаг. Үүнийг нуух юм байхгүй. Гэхдээ бүлгээрээ ярилцаад, олонхийн саналын дагуу асуудал шийдвэрлэгдсэн бол түүгээрээ явах ёстой гэдэг зарчим манай намд үйлчилж байгаа. Удаан хуралдсаныг хардах хэрэггүй. Удаан хуралдах тусмаа асуудалд нухацтай хандаж байна гэсэн үг.

-Эдийн засаг хүнд байна. Энэ зун УИХ амрахгүй ажиллах ёстой  гэсэн байр суурийг цөөнх илэрхийлж байна. Танай бүлгийн тухайд?

-Дэлгэр сайхан зуны улирал эхэлж байна.  Монголчууд хавар намартаа хавчигдаж, өвөлдөө зутарч, зундаа амардаг уламжлалтай. Энэ уламжлалыг хэн ч эвдэж чадахгүй байх.  Түүнчлэн энэ зун олон сумд  түүхт 90 жилийн ойн баяраа тэмдэглэнэ. Тэдгээр сумдадаа ойн баярын мэндийг хүргэе. Ардчилсан намын бүлгийн хувьд долоодугаар сард үндсэндээ амарна. Гишүүдийн хувьд тойрогтоо ажиллана. Наймдугаар сард ирэх намрын чуулганы бэлтгэл ажилдаа орно гэсэн төлөвлөгөөтэй байна.

Монголын мдээ
 
Б.Өнөртогтох
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button