Начны найраа, нанчилдаангүй наадам үзэхийг хүсэж байна

Тулгар төр үүсэн байгуудагдсаны 2223, Их Монгол улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой Үндэсний их баяр наадам хоёрхон хоногийн дараа эхлэх гэж байна. Баяр наадмын өмнөх эдгээр өдрүүдэд иргэдийн хамгийн их ярьдаг сэдэв бол бөхчүүд байдаг. Энэ дагуу энэ жил ч мөн адил бөхчүүдийг тойрсон яриа ихээр гарч байна.
Хоёрхон хоногийн өмнө Даян аварга А.Сүхбат болон Г.Өсөхбаяр нар Дархан аварга хэмээх цол хүртсэн нь ард иргэдийг талцуулаад байна. Бөхөд хайртай Монголчууд үүнийг төдийлөн таашаахгүй байгаа юм. Спорт гэдэг бол нэг нь ялагдаж нэг нь ялж байдаг тулааны талбар. Хурц ширүүн өрсөлдөөн дундаас л тив дэлхийд нэр алдараа цуурайтуулсан шилдэг тамирчид төрөн гардаг. Ингэж их хөдөлмөрлөсний үр дүнд өндөр дээд цол авч ардтүмэндээ хүндлэгддэг. Гэтэл барилдахаа больсон бөх, наадамд амжилттай сайн барилдаж чадахгүй байгаа бөхчүүдэд ийнхүү цол хэрэгмийг хавтгайруулснаар Монгол бөх улам л утгаа алдаж өрсөлдөөн ч байхгүй болно гэж үзэх хүн цөөнгүй байна.
Ийнхүү шинэхэн цолоо авсан Дархан аваргуудын талаарх мэдээлэл ар араасаа хөвөрч байх байх зуур иргэд энэ жил үзүүштэй сайхан наадам үзчих юмсан хэмээн санаа зовниж сууна. Мэдээж энэ нь наадмын начны найраа буюу цолны найраа юм. Том цолтой харьж яваа бөхчүүд нутгын залуусаа улсын цолонд хүргэхийн тулд тавын даваанаас эхлээд жинхэнэ хороо найруулж даваа бүрт найраа хийж бөх сонирхогчдын сэтгэлийг гонсойлгож орхидог. Тиймээс л иргэд энэ жилийн наадмыг сонирхолтой уран хурц барилдаантай залуу бөхчүүдийг өөрсдийн чадлаараа улсын цолонд хүрээсэй хэмээн хүсэж суугаа юм.
Түүнчлэн наадамчин олон жил бүр гардаг зүлэг ногоон дэвжээн дээрх нанчилдаанаас залхаж байгаагаа хэлдэг. Наадам, цагаан сар гэх мэт томоохон барилдаануудад сүүлийн жиүүдэд байнга бөхчүүдийн жудаггүй авир гаргах нь болсон нь бөхөд хайртай Монголчуудын урмыг хугалж байна. Энэ жилийн цагаан сарын барилдааны үеэр харцага Ц.Содномдорж жудаггүй авирласныхаа төлөө шийтгэлээ хүлээж дөрвөн сар дэвжээнд гараагүй билээ. Түүний энэхүү үйлдэлд ард иргэд ихэд эгдүүцэн одоо хүртэл ярьсаар байгаа. Иймээс бөхчүүд минь зүлэг ногоон дэвжээгээ начны найраа, нанчилдааны талбар бүү болгоорой. Та бүхнийг харж сэтгэлийн таашаал эдэлдэг ард түмнээ хүндлээрэй.
Б.Сансартуяа