Даатгалын үнэлгээг хэрхэн хийхийг ар гэрийнхэн нь шийднэ

Жил жилийн наадмаар чихнээс хонх уяж олны анхаарлын төвд байдаг сэдэв бол хурдан морины унаач хүүхдийн аюулгүй байдал. Дээдэс өвгөдөөс уламжилсан төрт ёсны баяр цэнгэл наадмаа хурдан морины уралдаангүйгээр төсөөлөх аргагүй. Сүүлийн жилүүдэд унаач хүүхдийн эрх, аюулгүй байдал хурцаар хөндөгдөх болж асуудлыг аль нэг тийш шийдэх гарц хэрэгтэй болсон.
Тийм ч учраас Хүүхдийн төлөө үндэсний газраас хурдан морины унаач хүүхдийн гэнэтийн ослын даатгалын асуудлаар Санхүүгийн зохицуулах хороо, Монголын даатгагчдын холбоотой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зуржээ.
Уг санамж бичгийн хүрээнд хурдан морины унаач хүүхдийн амь нас, эрүүл мэнд аюулгүй байдлыг хангах, хамгаалах зорилгоор гэнэтийн ослын даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээг сайжруулах, даатгалын байгууллагуудын нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх, хүүхдэд ээлтэй үйлчилгээ үзүүлэх зорилготой аж.
Урьд жилүүдэд унаач хүүхдийн даатгал хугацааны хувьд хэт баригдмал байсан. Жишээлбэл, яг наадмын хоёр, гурав хоногт л даатгадаг байсан. Уг нь гэнэтийн ослын даатгалыг хамгийн багадаа бүтэн жилээр хийх ёстой байдаг. Тэр тусмаа хүүхэд даатгаж байгаа бол.
Тиймдээ ч санамж бичигт гарын үсэг зурснаар нэгдсэн зохион байгуулалтад оруулж хүүхэд бүрийг бүтэн жилийн хугацаатай даатгаж байна. Энэ хугацаанд зөвхөн хурдан мориноос унаж бэртэхэд биш энгийн, ахуйн осолд өртсөн ч нөхөн төлбөр олгож байх юм.
Энэ жилийн хувьд даатгалын хураамжийн тал дээр илүү уян хатан хандаж байна. Учир нь, унаач хүүхдийн ар гэр ихэвчлэн малчин айл өрх байдаг болохоор хураамжийг хамгийн багаар буюу 0.5-0.7 хувиар бодож байгаа аж.
Уг нь жирийн үед даатгалын үнэлгээний дүнгийн нэг хувиар боддог. Гэхдээ үнэлгээг хэрхэн хийхийг унаач хүүхэд, хүүхдийн эцэг эх, ар гэрийнхэн л шийднэ.
Г.Уянга
оллоо.мн