Гарамгай мэргэн А.Цэвээн Хөдөлмөрийн баатар болов

Монгол Улсын Ерөнхийлөгч Тулгар төрийн 2223 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 808 жил, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 93 жилийн ойг тус тус тохиолдуулан зарлиг гаргаж боловсрол, соёл урлаг, спорт, хөдөө аж ахуй, шинжлэх ухаан, нисэх хүчин, төмөр зам зэрэг салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүнд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын болон гавъяат цол, төрийн одон медаль хүртээлээ.
Тухайлбал Хөдөлмөрийн баатар цолоор ахмад дайчин, сурын харвааны гарамгай мэргэн, гавьяат тамирчин А.Цэвээн, Ардын багш цолоор Үндэсний шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч А.Басхүү, Санхүү эдийн засгийн дээд сургуулийн зөвлөх багш Ж.Нямсүрэн нарыг шагнасан.
Мөн Ардын жүжигчин цолоор УДБЭТ-ын уран сайхны удирдаач, СУИС-ийн багш А.Дашпэлжээ, гавьяат дасгалжуулагч цолоор Монголын хөл бөмбөгийн холбооны хүүхдийн хөлбөмбөгийн дасгалжуулагч, зөвлөх багш Л.Сандагдорж, Ховд аймгийн биеийн тамир спортын хорооны дасгалжуулагч Ч.Чойсүрэн нарыг, гавьяат багш цолоор Орхон аймгийн Эрдэнэт цогцолбор сургуулийн зөвлөх багш Х.Цэндсүрэн нарын 12 хүний энгэрийг мялаалаа.
Харин гавьяат малчин цолоор Дорнод аймгийн малчин Б.Батмөнхийг, гавьяат нисгэгч цолоор ахмад нисгэгч Д.Баатар, гавьяат механикжуулагч цолоор Булган аймгийн С.Мягмаржав, гавьяат тээвэрчин цолоор УБТЗ-ын зүтгүүрийн аж ахуйн албаны дарга Х.Лхагвасүрэн, соёлын гавьяат зүтгэлтэн цолоор Монголын Радиогийн ахмад ажилтан М.Шийрэв, 25 дугаар суваг ТВ-ийн ерөнхий редактор, хөгжим судлаач Р.Энхбазар, МЗЭ-ийн гишүүн, яруу найрагч, сэтгүүлч Х.Чилаажав нарын таван хүнийг, гавьяат жүжигчин цолоор “Хурд” хамтлагийн хөгжимчин Д.Отгонбаяр нарын хүмүүсийг шагнаж, урамшуулсан байна.
Ерөнхийлөгч шагнал гардуулах үеэр ““Дуудах нэрийг эцэг эх заяаж, дуурсах алдрыг өөрөө олдог” ардын сайхан сургааль бий. Алдар цуугийн торгон хүндэтгэлийг ард олны дэмжлэг, олон жилийн зүтгэл, хөлс хүч, хөдөлмөр туурвил түшиж явдаг аа. Үүний зэрэгцээ хариуцлага, улам илүүг бүтээх итгэл ч дагалдаж байдаг. Энэ танхимд шагнал хүртсэн болон орон даяар хөдөлмөрөө үнэлүүлсэн нийт иргэддээ, Та бүхний гэр бүл, хамт олон, үйл хэргийг тань түшиж ирсэн тэр эрхэм хүмүүст гүн талархал дэвшүүлье.” гэсэн юм.