Тоглоомын дүрмийг эзэмших эрх

Сонгуулийн хууль эрх баригчдын “өмч” үү
УИХ-ын хаврын чуулганаар Сонгуулийн болон Улстөрийн намуудын тухай хуулийг хэлэлцэж амжаагүйд зарим улстөрч ихээхэн гомдолтой яваа. Энэ нь ч аргагүй.
Амьд явбал улсын наадам үзнэ гэгчээр наадам дамжин, хөдөө, гадаа хэссээр ирэх сарын дундаас намрын чуулган эхэлнэ. Мэдээж орж ирүүтээ дахиад л сайдын суудал, эдийн засгийн хямрал гэсээр хэсэг хугацааг өнгөрөөнө. Уг нь гишүүдийн үзэж буйгаар Сонгуулийн тухай хуулийг эртхэн батлачихвал нийгэмд үүсэх элдэв хардлагаас сэргийлэх давуу талтай гэлцээд байгаа.
Гэвч эрх баригчдын хувьд энэ нь өөрсдөдөө ашигтай байдлаар зохицуулах давуу тал үүсгэх тул тэгтлээ яарахгүй байгаа юм.
Өмнө нь олонх хойш тавьж, цөөнх нь хэлж, хатгаж, үгээ хэлж, үстэй толгойгоо зулгаах шахам болж байсан. Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй гэгчээр одоо бидний ээлж гэсэн шиг ийн улстөрийн нөхцөл байдлыг шийдвэрлэх томоохон хуулийн төслийг өмчилсөн мэт аяглах нь улс, эх орныхоо төлөө бус эрх мэдлийн төлөө намчирхах үзлээр хандаж буйн хамгийн тодорхой илэрхийлэл юм.
Одоогийн эрх баригчид өмнө нь “Тоглоомын дүрмээ эртхэн батлах нь монгол төрийн төлөвшилд хэрэгтэй” хэмээн тухайн үед олонх байсан МАН-ынханд хандаж мөн ч их шаардсан.
Харамсалтай нь МАН-ынхан цагийг нь тулган байж хуулиа баталсан нь багагүй хэл ам дагуулсан түүхтэй. Тэгээд ч мордохын хазгай болж МАН тухайн сонгуульд өвдөг шороодсон.
Хэрвээ сонгуульд ялалт байгуулан МАН өдгөө УИХ-ын хуралдааны танхимын эсрэг талд нь сууж, Засгийн газраа байгуулсан бол Сонгуулийн хуулийн булхай будилааныг АН-ынхан маш сайн тайлбарлах байсан нь ойлгомжтой. Харин өөрсдөө ялалт байгуулж, Засгийн эрхийг авсан тулдаа л амаа хамхиж, чимээгүй суугаа нь энэ. Ямар ч тохиолдолд улстөрчид өөрсдөдөө ашигтай хуулийн төсөл санаачилж, олонхоороо хүч түрэн баталдаг гэдгийг олон нийт байтугай зарим гишүүн нь ч хэлдэг. Яг л энэ янзаараа хоног хугацаа хожиж, хойш тавьсаар байгаад цагийг нь тулгаж, Сонгуулийн тухай хуулиа хэлэлцэх гэж байна.
Одоо ч гишүүд тоглоомын дүрмээ эрт зохиох нь сонгуулийн үед хэл ам, маргаан гарахгүй, талууд нэг гараанаас зэрэг гарах боломж бүрдэнэ гэдгийг хэлсээр байгаа.
Харамсалтай нь эрх баригчид хэзээ, ямар хуулиа хэлэлцэхийг шийддэг зарчмаар Сонгуулийн тухай болон Улстөрийн намуудын тухай хуулийг хойш тавьсаар байгаа. Эдгээр хууль нь өөрсдийнх нь хувь заяа, улстөр дэх цаашдын ирээдүйд нь сөргөөр нөлөөлөх вий гэдгээс ухаанаа гартал айж суугаа нь ч тодорхой. Улстөрчдийн ойлголтоор бол сонгуультай холбоотой хуулийг эрх баригчид өмчилдөг, өөрсдөө зохиогч нь байх давуу эрхийг эдэлдэг бололтой юм.
Үүнийх нь хариу болгож Ерөнхийлөгч дээрх хуулиудын араас Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай хуулийн төслөө өргөн бариасай. Тэгж байж өөрсдөдөө зориулан тоглоомын дүрмээ зохиогоод, гол дүрд нь тоглодог хүмүүст хариуцлага ногдуулдаг бололцоотой болно.
Угаасаа Ерөнхийлөгч хариуцлагын тухай бие даасан хууль өмнө нь гаргаж байгаагүй учраас нэлээд бодож, төлөвлөж байж дээрх хуулиа боловсруулсан тухайгаа нэгэнтээ хэлсэн. Тиймээс Сонгуулийн тухай хууль хэдий оройтсон ч хариуцлагын тогтолцоог нэлээд чангатгавал эргээд тухайн этгээдтэй чангахан ярьж, амыг нь асуух боломж ард иргэдэд нээгдэх учиртай.
Тоглоомын дүрмийг өөрөө зохиочихоод, ялалт байгуулах нь шударга бус гэдгийг бага насны хүүхэд ч мэднэ.
Тиймээс ард түмний итгэлийг өвөрлөн, тэдний төлөөлөл болж буй эрхэм гишүүд тоглоомын дүрмээ эзэмшиж, хүч тэнцвэргүй байдал үүсгэдгээ болих нь шударга ёсонд нийцнэ.
Өнөөдрийн тухайд Монголын улстөрчдөд шударга ёс төдийлөн хамаатай биш гэдгийг Сонгуулийн тухай хуулийг удаашруулсаар байгаа эрх баригчдын үйлдлээс тодорхой харж болохоор байна. Монголын улстөр нэг иймэрхүү л байдалтай яваад байх юм даа.
Б.Төгөлдөр