Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагчдын ихэнх нь хувьдаа аж ахуйн нэгжтэй

АТГ-аас Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт төлөвлөгөөт хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулийн хэд хэдэн заалт зөрчигдсөн нь илэрсэн байна.
Шалгалтын явцад байцаагч нар нэг салбарыг 10 гаруй жил хариуцан ажиллахдаа хувьдаа цэцэрлэг, цайны газар, эмийн сан ажиллуулдаг зэрэг ашиг сонирхлын олон зөрчил илэрчээ.
Тиймээс АТГ-аас дээрх зөрчил дутагдлыг арилгах, хууль тогтоомжийг биелүүлэн ажиллах шаардлага бүхий албан бичгийг НМХГ хүртэл хүргүүлсэн ч одоог хүртэл ямар нэгэн хариу ирүүлээгүй байгаа аж. Уг нь дээрх хууль хэрэгжээд хоёр жилийн нүүр үзэж байгаа бөгөөд нэг ч байцаагч мэдэгдэл тайлбар гаргаагүй нь хууль хяналтынхны анхаарлыг татжээ.
Хуульд зааснаар бол аливаа нэгэн байцаагч өөрийн шалгадаг аж ахуй нэгжүүдтэй ямар нэгэн байдлаар ах дүү, найз нөхдийн холбоотой тохиолдолд мэдэгдэл тайлбарыг хийж тухайн шалгалтад оролцуулдаггүй аж.
Гэтэл НМХГ-ынхан энэхүү дүрэм журмаа огоорсон нь дээрх шалгалтаас тодхон харагдаж буй юм. Мэргэжлийн хяналтын байцаагчид аж ахуйн нэгж, хувь хүмүүст дарамт үзүүлэн, үйл ажиллагаа, эрхэлж буй бизнесийг нь зогсоох нэрийдлээр их, бага хэмжээний авлига авдаг нь жирийн үзэгдэл гэх яриа байдаг ч үүнийг хууль хяналтынхан олон нийтэд мэдээлж, ил тод болгох нь төдийлөн ховор байдаг.
Өөрөөр хэлбэл авлигалд хамгийн их өртдөг байгууллагын нэрсийн жагсаалтад Мэргэжлийн хяналтын газрынхан зүй ёсоор багтдаг билээ.
Энэ бүхнээс болж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын дарга асан М.Ням-Осор байцаагчдаа бусдыг дарамтлан авлига авсан байж болзошгүй гэж хардан АТГ-т хандаж тэднийг шалгуулахаар болсон тухай өргөдөл гомдол ч байдаг юм.
Хамгийн ойрын нэг жишээг дурьдахад Баянгол дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Д.Ганхүү эрх мэдлээ ашиглан бусдаас хахууль авахыг завдсан гэх үндэслэлээр АТГ-т шалгагдаж өдгөө цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаа.
Тэрбээр дээр дурьдсан шиг танил талынхаа аж ахуйн нэгжид хувийн зорилгоор үйлчилж хахууль авсан, өгсөн гэх хэрэгт сэжиглэгдэж буй юм.
Тодруулбал Д.Ганхүү Баянзүрх дүүргийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Рояал хаус” зочид буудлын болон орон сууцны барилгын цахилгааныг ХӨСҮТ-ийн эрчим хүчний үүсвэрээс нууцаар татаж, тус төвийн хоёр цахилгаанчинд хахууль өгсөн.
Мөн Баянгол дүүргийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Сайхан” төв дэх шөнийн цэнгээний газрынхнаас хахууль авсан гэх хэрэгт буруутгагдаж байгаа юм.
Дээрх жишээнээс харахад мэргэжлийн хяналтын байцаагч нар нэг суудалд олон жил дархлагдаж өөрсдөө ашигтай зүйл их хийдэг гэсэн иргэдийн хардлага үнэний ортой юм.
Тэгвэл тэдний энэхүү үйлдлийг АТГ-ынхан илрүүлж хууль бус үйлдлийг нь олон нийтэд дэлгэж бодит байдлыг илчилсэн нь сайшаалтай ч авах арга хэмжээ нь ямар хэлбэрээр явагддаг юм бол гэж олон нийт сонирхож буй юм.
Товчхондоо хэн нэгэн танил талгүй аж ахуйн нэгжүүд байцаагч нарын овоо хараанд өртөж их хэмжээний төлбөрт унадаг нь нууц биш.
Юутай ч МХЕГ-ын нэгээхэн хэсэгт шалгалт хийхэд иймэрхүү дүр зураг гарч байна. Тэгэхээр тус газрын бүх байцаагчийг шалгавал хувийн аж ахуйн нэгжтэй цөөнгүй хүн байгаа нь ойлгомжтой.
Бид дараагийн дугаартаа тус газрын байцаагчдын хувийн аж ахуйн нэгжийг мэдээллэх болно.
Өглөөний сонин
Р.Саруул