Хуушуурын зөвшөөрөл 400-600 мянган төгрөг

2012 оны наадмаар нийт 400 ААН-д хуушуур зарах зөвшөөрөл олгож байсан байна. Тухайн үед хуушуурын зөвшөөрөл нэгдүгээр зэрэглэл буюу Төв цэнгэлдэхийн хаалга орчмын байрлалд 300 мянган төгрөг байсан гэх мэдээллийг архиваас авлаа./оллоо.мн мэдээллийн архив/ Тэгвэл хоёр жилийн өмнө хуушуур зарах зөвшөөрөл аваад түүнийгээ дамлаж зарж байна гэх мэдээлэл чих дэлсэх болсон билээ. Энэ үед нэгдүгээр зэрэглэл гэж ААН-үүдийн онцолж байгаа байршилд хуушуур зарах зөвшөөрлийг 500 мянган төгрөг хүргэн дамлан зарж байжээ.
Тэгвэл энэ жил наадмын хуушуур зарах зөвшөөрлийг долдугаар сарын 01-05-ны өдрүүдэд дүүргийн Үйлдвэр үйлчилгээний газраас ААН-үүдэд олгож эхэлсэн байгаа. Нийслэлийн Захирагчийн албанаас 900 орчим зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсний 70 хувьд нь хуушуурын зөвшөөрөл байна. Зөвшөөрлийн үнийн хувьд Хүй долоон худагт худалдаа үйлчилгээ эрхлэх бол 15.000 төгрөг, Төв цэнгэлдэх хүрээлэнд 20.000 төгрөг гэж мэдэгдсэн.
Харин дамлан зарах асуудал энэ жил ч байсаар л байна. Улмаар байршилаасаа хамаарч 400-600 мянган төгрөгний үнэ ханштай байгаа юм. Хуушуурын зөвшөөрөл зарахаар зар тавьсан иргэдээс яагаад зарах болсон шалтгааныг тодруулахад “хамтарч хуушуур хийх хүн нь хийхээ больсон учраас материал авахад хөрөнгө дутсан… Хөдөө явж наадамлахаар болсон …” гэх зэрэг ерөнхий шалтгаануудыг дурьдаж байлаа.
Гэвч энэхүү зөвшөөрлийг авахын тулд хичнээн иргэд өрсөлдөж, хичнээн нь хасагддаг бол. Ер нь зөвшөөрөл дамлаж, дундаас нь ашиг хүртэх сонирхол бүхий иргэд улам л нэмэгдэх хандлагатай байна. Тиймээс зөвшөөрөл олгож буй албан тушаалтнууд нь шаардлага шалгуураа оновчтой тавьж үйл ажиллагаа эрхлэх чин хүсэл сонирхолтой иргэдэд зөвшөөрөл олгодог болмоор байна.
Ами
Оллоо.мн