Хорих байгууллагуудад хүний эрх зөрчигдөж байгаа эсэхэд шалгалт хийжээ

Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж нар УИХ-ын хаврын чуулганы хугацаанд тус байнгын хорооны хийсэн ажлын талаар мэдээлэл өглөө.

 

Хууль зүйн байнгын хороо дээрх хуга­цаанд 15 удаа хуралдаж, 42 хуулийн төсөл, УИХ-ын тогтоолын төсөл дөрвийг хэлэлцэж, 26 санал, дүгнэлт, зургаан танилцуулга, зарчмын зөрүүтэй 33 саналын томьёолол бэлтгэн чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлж, шийдвэрлүүлсэн ажээ.

 

Мөн байнгын хорооны тогтоолоор 13 ажлын хэсэг байгуулагдан 28 удаа хурал­даж, хууль, тогтоолын төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанд бэлтгэх үүрэгтэйгээр ажилласан бөгөөд мөн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах байгууллагуудын үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцжээ.

 

Өнгөрсөн хугацаанд иргэдээс ирүүлсэн 25 өргөдөл, гомдол болон байгууллага, аж ахуйн нэгжээс ирүүлсэн 107 албан бичиг, санал хүсэлтийг хүлээн авч, хуульд заасан журмын дагуу шийдвэрлэж хариуг хуга­цаанд нь өгсөн байна.

 

Хүний эрхийн дэд хорооны 2014 оны 01 дүгээр тогтоолоор байгуулагдсан Сэжигтнийг баривчлах, сэжигтэн, яллагдагчийг цагдан хорих, хорьж мөрдөх хугацааг сунгах, цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээ нь хүний эрх, эрх чөлөөг зөрчиж байгаа эсэхэд хяналт, шалгалт хийж, үр дүнг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангийн үйл ажиллагаатай танилцаж, тус ангид хоригдож байгаа хүмүүсийн төлөөлөлтэй уулзаж, санал бодлоо солилцсон хэмээн УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж танилцуулгадаа дурьдсан.

Хууль зүйн байнгын хороо 2014 оны намрын чуулганаар Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Гэмт хэргийн тухай, Зөрчлийн тухай, Өршөөлийн тухай, Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай, Галт зэвсгийн тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай, Мөрдөх албаны тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Галын аюулгүй байдлын тухай хуулийн төслүүдийг үргэлжлүүлэн хэлэлцэхээр төлөвлөөд байна.

Өглөөний сонин

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button