Kатарын Батлан хамгаалахын сайд Монгол Улсад айлчилж байна

Катар Улсын Батлан хамгаалахын сайд, хошууч генерал Хамад Бин Али Аль Аттияа тэргүүтэй төлөөлөгчид долоодугаар 10-11-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны ажлын айлчлал хийж байна.

Монгол Улс Катар Улстай анх 1998 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр албан ёсны дипломат харилцаа тогтоосон. 2007 оны 12 дугаар сард “Монгол Улсын Зэвсэгт хүчин, Катар Улсын Зэвсэгт хүчин хоорондын хамтын ажиллагааны гэрээ”-нд гарын үсэг зурснаар хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа эхэлсэн. Хамтын ажиллагааны гэрээний хүрээнд хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа цэргийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, хамтарсан дадлага, сургууль хийх, энхийг дэмжих ажиллагаа, терроризмтэй тэмцэх чиглэлээр хөгжиж байна.

Өнгөрсөн жил манай Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ Катар улсад айлчлахдаа тус улсын Эмир Шейх Тамим Бин Хамад Аль Танид бараалхан уулзахдаа ноён Шейхийг Монгол Улсад айлчлахыг урьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгыг дамжуулсныг талархан хүлээн авсан ч энэ удаа Батлан хамгаалахын сайд нь ийнхүү айлчилж байгаа юм. Тэрбээр 10-ны өдрийн үдээс хойш Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ц.Элбэгдоржид мөн бараалхана.

Катар Улсын Батлан хамгаалахын сайд тэргүүтэй төлөөлөгчид Үндэсний Их баяр наадам, Тулгар төрийн 2223 жилийн ой, Их  Монгол Улс Байгуулагдсаны 808 жилийн ой, Ардын Хувьсгалын 93 жилийн ойн баяр наадмын нээлтийг үзэж, Хүй долоон худагт зочилж, шүдлэн насны морин уралдаан үзэж сонирхох ажээ.

П.УНДРАМ

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button