"Хонхны дуу"-тай Ардын хувьсгалын 93 жилийн ойн нээлт

Их Монгол Улс байгуулагдсаны 808 жилийн ой, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын ёслолын үйл ажиллагаа, Төрийн хүндэтгэлийн тоглолтын Ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт, Монгол Улсын гавъяат жүжигчин Догмидын Сосорбарам ажиллав. Энэ жилийн наадмын урлагийн арга хэмжээг "Босоо заяатай Монгол" агуулгын дор найруулж байгаа талаарх мэдээлэл наадамчин олонд хүлээлт үүсгэж байв. Ерөнхий найруулагч наадмын нээлтийн үйл ажиллагааны талаар “Энэ жилийн Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын ажиллагаа өвөрмөц, онцлогтой, сайхан болно гэдгийг амлаж чадах байна” хэмээж байсан юм.
Угаасаа ч жил бүрийн наадмын нээлтийн ажиллагаа хэрхэн болох бол хэмээн иргэд хүлээсээр байдаг. Гэвч эрхэм Төрийн соёрхолтын найруулсан наадмын нээлт наадамчин олны сэтгэлийг хөдөлгөж эс чадав. Харин ч Ардын хувьсгалын 93 жилийн ойн баярын нээлт Ардчилсан намын наадам шиг болчихлоо гэсэн шүүмжлэл цахим ертөнцөд өрнөж байна. Учир нь наадмын нээлт зүлгэн дээрх вальс, шүхэртэй бүжиг, "Хонхны дуу" төдийхнөөр хязгаарлагдаж байгаад бухимдах хүн олон байна. Ийнхүү өөрийн дотоод шийдэл, өөрийн ертөнцөөр найруулсан Д.Сосорбарамын найруулга наадамчин олонд таалагдсангүй.
П.УНДРАМ
Оллоо.мн