Мэргэжлийн хяналтынхан Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт ажиллаж байна

Төв цэнгэлдэх хүрээлэнд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын явуулын лаборатори ажиллан тэнд үйл ажиллагаа явуулж байгаа хоол үйлдвэрлэл, үйлчилгээний цэгүүдэд хяналт тавин ажиллаж байгаа юм.Ингээд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга М.Баасандоржоос зарим зүйлсийг тодрууллаа. Энэ жилийн баяр наадмын хүрээнд Төв цэнгэлдэх хүрээлэнд 27 байцаагч наадмын арга хэмжээнд Хүй долоон худаг, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн болон бусад газруудад нийт 100 гаруй байцаагч ажиллаж байгаа аж.
Одоогийн байдлаар тус газрын шалгалтын явцад ноцтой зөрчлүүд илрээгүй бөгөөд Төв цэнгэлдэх хүрээлэнд гар дээрээс эрүүл мэндийн шинжилгээнд ороогүй, хурдан муудах хүнсний бүтээгдэхүүн борлуулж байсныг эхний ээлжинд зөвлөн сануулах арга хэмжээ авсан байна.Өнгөрсөн жилүүдэд эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүнийг дур мэдэн зөвшөөрөлгүйгээр гар дээрээс борлуулах дутагдлууд илэрч байсан бөгөөд тухайн бүтээгдэхүүнүүдийг хураан авч устгалд оруулж байжээ.
Төв цэнгэлдэх, Хүй долоон худагт тусгай зөвшөөрөлтэй асар болон гэрээс бусад газраас иргэдийг хоол, хүсний бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас анхаарууллаа.