Х.Оюунчимэг 4 жил дараалан түрүүлж, Гарамгай мэргэн цолтон боллоо

Үндэсний их баяр наадмын Халх сурын харвааны хана болон хасын харвааны төрөл хоёр өдөр үргэлжлэн өчигдөр дүнгээ гаргаж, шилдгүүдээ тодрууллаа.

Халх сурын харваанд эрэгтэй 270, эмэтгэй 130 гаруй харваач өрсөлдсөнөөс эрэгтэй төрөлд Орхон аймгийн Хангарьд спорт клубын тамирчин, “Алтан Дорнод Майнинг сервис” компаний харваач, хошой мэргэн Л.Отгонбаяр тэргүүллээ. Дэд байрт “Алдар” спорт хороо, “ЖЕМ Интернэшнл компанийн харваач, спортын мастер Б.Батбаатар, гутгаар байрт Төв аймгийн “Зуун мэргэн” холбоо, “Мандухай цэцэн” компанийн харваач, спортын мастер С.Өлзийсайхан шалгарлаа.

Дөрөвдүгээр байрт “Монгол ус” ТӨК-ын харваач Б.Баярсайхан, тавдугаар байрт спортын мастер А.Төртогтох нар галгарав.

Харин эмэгтэйчүүдийн төрөлд “Чингис хааны дэлхийн академи” ТББ-ын харваач Монгол Улсын гоц мэргэн Х.Оюунчимэг тэргүүлсэн. Ингэснээр тэрбээр Үндэсний их баяр наадамд 4 жил дараалан түрүүлж, Гарамгай мэргэн цолны болзол хангасан.

Харин дэд байрт  “Алдар” спорт хороо, “ЖЕМ Интернэшнл компанийн харваач улсын мэргэн Д.Норжмаа, гутгаар байрт Чингэлтэй дүүргийн биеийн тамир, спортын хороо, “АПУ Трединг” компани, “Зэв алтан түрүү” багийн харваач спортын мастер И.Цэцэгмаа нар шалгарав. Дөрөвдүгээр байрт, “Шинэ Налайх” багийн харваач спортын мастер Б.Пунсалдулам, тавдугаар байрт, “Ажнай-Таван толгой” компанийн харваач спортын мастер О.Чинзүрх нар шалгарсан байна.

Энэ удаагийн Халх сурын харвааны үеэр нэг гарамгай мэргэн, таван спортын мастер, 11 дэд мастер төрлөө.

Г.Уянга

оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button