УБЦТС компанийн наадамчдад барьсан “гэнэтийн бэлэг”

“Улаанбаатар цахилгаан түгээх сvлжээ" компаниас жил бүр урсгал засвар хийж, дүүрэг хороогоор зуны турш цахилгаан хязгаарлалтад хамруулдаг. Яахав шат дараатайгаар хязгаарладаг л даа. Урин дулаан цагт цахилгааны доголдлоо засаад авчихвал сайн учраас энэ хязгаарлалтад бухимдаад байх зүйл алга. Гэхдээ жил бүр хийгддэг ажилд ахиц гарч байгаа эсэхийг нь хэлж мэдэхгүй юм.
Тэгвэл Ардын хувьсгалын 93 жилийн ойн Үндэсний их баяр наадмын үеэр иргэдийг хамгийн их бухимдуулсан зүйл бол цахилгааны доголдол байлаа. Өнгөрөгч өдөр гарсан хоёр томоохон галын шалтгааныг ч үүнтэй холбон тайлбарлаж байгаа.
Уг нь "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-ийн зүгээс баяр наадмын өдрүүдэд цахилгаан хязгаарлалт хийхгүй гэж мэдэгдэж байсан. Мөн Төв цэнгэлдэх хүрээлэнд хангалттай эх үүсвэр тавьж худалдаа эрхэлж буй хүн бүрт ажиллах таатай боломж олгоно хэмээн ярьж байсан ч яг баярын өдөр “гэнэтийн бэлэг” барьж цахилгааны хязгаарлалт хийгээд авлаа.
Тодруулбал, 11-ны өдөр 11.00-16.00 цаг хүртэл Төв цэнгэлдэхийн гадаа цахилгаан тасарч, үүнээс шалтгаалж наадмын хуушуур 1500 төгрөг хүртэл өссөн гэж иргэд тайлбарлаж байна.
Нийслэлийн захирагчийн ажлын алба, Нийслэлийн онцгой байдлын газар “газ хэрэглэхгүй байх” захирамж гарган УБЦТС ТӨХК-ийн удирдлагатай зөвшилцсөний үндсэн дээр эрчим хүчээр найдвартай хангана хэмээн наадмын өмнөх өдрүүдэд мэдэгдсээр байсан юм. Гэвч яг баярын өдөр цахилгаан доголдсон нь ААН-үүд болоод иргэдийн бухимдлыг ихээр төрүүллээ. Тиймээс УБЦТС ТӨХК-ийн “гэнэтийн бэлэг”-т хариу барьж, хариуцлага тооцохыг иргэд хүслээ.