Ээлжит бус чуулган зарлах уу

Хаврын чуулганыг хаалтын үеэр УИХ-ын дарга “Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” 34-р тогтоолыг баталсан. Энэ тогтоолыг хэрэгжүүлэх хугацаа тодорхой учраас хэрэгжилтийг хангахад анхаарлаа хандуулж ажиллахыг уриалаад, УИХ-аас шалтгаалах асуудал гарвал ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах шаардлага гарахыг ч үгүйсгэхгүй байна гэсэн юм.
УИХ-аас эдийн засгийг аврах тогтоолын төслийн 100 хоногийн тоолуур дуусах хугацаа тун дөхөж байна. Ийнхүү 100 хоногийн тоолууртай эдийн засгийн энэ эрчимжүүлэлтийн өгөөж их гэх хүн байгаа ч хоёр жил хийгээгүй зүйлийг одоо яаж босгох вэ гэсэн шүүмжлэл эхнээсээ өрнөж байв.
Ерөнхий сайд эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногт Бизнес эрхлэгчдийг дэмжих, Уул уурхай, ашигт малтмалын салбарын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, Барилга, аж үйлдвэр, дэд бүтцийн салбарыг эрчимжүүлэх, Аймаг, орон нутгийн дэд бүтэц, эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэх, Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх болон Төсөв, мөнгөний бодлогын хүрээнд дор дурдсан ажлуудыг хийхээр төлөвлөөд байгаагаа дуулгасан.
Мөн өнгөрсөн сарын сүүлээр дээрх хөтөлбөрийн талаар мэдээлэл хийсэн юм. Ингэхдээ Төсвийн урсгал зардлыг 20 хувиар бууруулж, хэмнэлтийн горимд шилжихажлын хүрээнд төсвийн тодотголоор хэмнэх боломжтой зарим урсгал зардлыг 10-30 хувиар буюу 38.4 тэрбум төгрөгөөр бууруулаад байна. Мөн төсвийн хөрөнгийг үр ашигтай, хэмнэлттэй зарцуулах замаар зардлыг бууруулах, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийн давхардал хийдлийг арилгах, зарим төсөвт байгууллага, улсын үйлдвэрийн газрыг нэгтгэн зохион байгуулах, аж ахуйн тооцоонд үе шаттай шилжүүлж төсвөөс гаргах чиглэлээр нэгдсэн цогц арга хэмжээг авах чиглэлээр “Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолыг баталж, хэрэгжүүлж эхэлсэн. Мөн аймаг бүрт баригдах 1000 айлын орон сууцны гадна инженерийн шугам сүлжээний угсралтын, сумын төвийн шинэчлэл төслийн хүрээнд 16 сумын төвийг шинэчлэх ажлуудыг хийж байгаагаа дуулгасан юм.
Түүнчлэн УИХ хаврын чуулганыг өндөрлүүлэхийн өмнө Ашигт малтмалын тухай хууль, Газрын тосны тухай хуулиудыг баталсан. Эдгээр хуулиуд нь хөрөнгө оруулалтыг татах таатай боломж хэдий ч цаг хугацаа шаардахыг эдийн засагчид анхааруулж байгаа.
Гэсэн ч өнгөрсөн хоногуудад Засгийн газар зүгээр суусангүй. Харин эдийн засгийн эрчимжүүлэх 100 хоног дуусах гэж байгаа энэ өдрүүдэд чуулган дахин хуралдах эсэх нь тодорхойгүй байна.
П.УНДРАМ
Оллоо.мн