Наадмын гол дүрд дархан аварга А.Сүхбат "тоглов"

Тулгар төр байгуулагдсаны 2223, Их монгол улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой үндэсний их баяр наадам сайхан болж өнгөрлөө. Урд жилүүдийнхийг бодвол унаач хүүхдүүдийн аюулгүй байдлын асуудлыг энэ жил маш сайн зохион байгуулж, гэмтэл бэртэлгүй сайхан болж өнгөрлөө. Харин наадамчин олны хамгийн их хүсэн хүлээж байсан үндэсний бөхийн барилдааныг сайнаас илүүтэй саараар ярих иргэд олон байна. Энэ жилийн наадмын өмнө хоёр Дархан аварга төрсөн, Монгол бөхийн найраа, ёс бус асуудлаас болж зодог тайлаад нэлээд удсан  А.Сүхбат аварга шинэ цолтойгоор эргэн ирж барилдах болсон зэрэг нь олны хүлээлтийг үүсгээд байсан.

Гэвч энэ их хүлээлтийн эцэст наадамчин олон зүлэг ногоон дэвжээнээ эр бяраа гайхуулан уран мэхийг уралдуулан барилдах хүчит бөхчүүдийн барилдаан биш жүжигчилсэн тоглолт маягийн зүйлийг үзэж нүдээрээ харлаа. Түүнчлэн унасан бөхдөө шаралхан татаж нудрах гэх мэт жудаггүй үйлдлүүдийн гэрч боллоо. Энэ бүхний эцэст  энэ жилийн наадмын гол дүр А.Сүхбат аварга боллоо. Түүний гурвын даваанд Дархан аваргыгаа амлаж авсан нь олон түмний нүдийг орой дээр гаргав. Ингээд ч болоогүй амлаж авсан бөхдөө тахимаа өгч, барилдалгүй бууж өгсөн нь төв цэнгэлдэх хүрээлэнд цугларсан наадамчин олны дургүйцлийг багагүй төрүүлж тэд болиочээ хэмээн шуугилдаж байснаас харахад А.Сүхбат аваргын энэхүү үйлдэл бөхөө дээдэлдэг ард түмэнд таалагдаагүй нь ойлгомжтой байсан.

Ерөнхийдөө энэ жилийн наадмын гол дүрд А.Сүхбат аварга тоглосон гэж хэлж болно. Тэрбээр нэгийн даваанаас эхлээд л зүүний манлайд гарч барилдана хэмээн хөлийн цэцээр хэл ам хийн гүйсэн тухай эх сурвалжууд мэдээлсэн юм. Ингээд нэгийн даваа эхлэхээс өмнө хэл амтай байсан хүчит бөхийн барилдаан эхнээсээ дуусах хүртэл даваа бүрт маргаантай болж дууссан. Дархан аварга А.Сүхбат  Г.Өсөхбаярыг амлаж авсанаа дараа нь тайлбарлахдаа “Дүү аваргаа хүндэлж амлаж аваад барилдалгүй тахимаа өгсөн” хэмээн хэвлэлийнхэнд ярьсан. Яг үнэндээ түүний энэ үгэнд итгэх хүн тун цөөхөн байсан юм. Учир нь нэгийн даваа эхлэхийн өмнө Г.Өсөхбаяр зүүний манлайд очиж зогссон нь А.Сүхбатын дургүйцлийг төрүүлсэн хэрэг. Угийн хэл амтай заргач А.Сүхбат би чамаас түрүүлж ам авдаг, тиймээс эргэлзээгүйгээр би зүүний манлайд гарах ёстой гэдгээ харуулах гэж ийнхүү түүнийг амлаэ авсан хэмээн үзэх иргэд харьцангуй олон байсан. Ийнхүү амлаж авчихаад сайхан барилдаан үзүүлэхгүй бууж өгсөн нь ч бас олны амнаас холдуулсангүй.

Сэргээш хэрэглэсэн, хэрэглээгүй хэмээн олон жил яригдаж ирсэн А.Сүхбатын хувьд бяр чадал нь барагдаж  наадмын дэвжээн дээр сайхан барилдаан үзүүлж чадахгүй болохоороо өөрөө зориуд бууж өгсөн хэмээн үзэх иргэд олон байна. Наадам дуусаад өнөөдрөөс иргэд ажилдаа орлоо. Харин энэ өдрүүдийн хамгийн хурц сэдэв нь Түрүүлж үзүүрлэн шинэ цолонд хүрсэн Н.Батсуурь, Ш.Жаргалсайхан нар биш Дархан ааварга А.Сүхбат болж байна. Тиймээс энэ жилийн баяр наадмын үндэсний бөхийн барилдааны гол дүр А.Сүхбат аварга боллоо.

Б.Сансартуяа
Оллоо.мн
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button