Монгол, эрлийзээр нь ялгаж уралдуулах ёстой бус уу

Манай бизнесмэнүүд гадаад орнуудаас хурдан угсааны морьд авчирч хурд сайжруулах нэрээр эрлийзжүүлдэг болсноос хойш эрлийз морьдыг хурдан морины уралдаанд оруулдаг болсон. Эрлийз морьд Монгол морьдыг бодвол өндөр нуруулаг. Үнийн хувьд ч үнэтэй.
Одоогоос дөрвөн жилийн өмнө эрлийз морьдыг монгол түмний цэнгэл болсон баяр наадамд уралдуулахаа больж, харин тусад нь Уяачдын наадмаар шандсыг нь сорьдог болсон билээ.
Гэсэн хэдий ч улсын баяр наадмаас ялгарахгүй бай шагнал уяачдад нь олгож, унасан хүүхдийг нь мөн адил байлдаг. Түрүүлж, айрагдсан морьдод олгодог мөнгөн шагналын дүн ч тэр, уяж уралдуулсан уяач, эздэд нь олгодог цолыг ч эрлийз морьдын уралдаанд яг л адилхан мөрддөг.
Монголын морин спорт, уяачдын холбооноос гаргасан судалгаагаар эртнээс нааш уламжилж ирсэн хурдан морь уяж уралдуулах эрдмийг өвлөсөн, сурч байгаа гээд 60 гаруй мянган уяач манай улсад байдаг аж. Тэдний олонх буюу 95 хувь нь эрлийз морьдыг монгол адуутай уралдуулахыг эрс эсэргүүцдэг гэдэг.
Гэтэл энэ жилийн Үндэсний их баяр наадмын уралдсан ихэнх даага эрлийз байсан гэх шүүмж иргэдийн дунд газар авч байна. Уул нь баяр наадмаараа Монгол морьдоо уралдуулж, Уяачдын наадмаар эрлийз мохтдыг тусад нь авч уралдуулдаг байтал энэ журам энэ жилийн наадмаар алдагдах нь тэр.
Тэгвэл наадмын өмнөхөн зарим нэгэн уяачид “Монгол адуу эрлийз адуунаас ялгарахгүй өндөр болсон. Тиймээс эрлийз морьдыг монгол адуутай уралдуулдаг болгоё” гэсэн санал гаргаж байсан гэх.
Тэгсэн хэрнээ энэ жилийн наадмаар эрлийз морьд Монгол морьдтой хамт уралдаж байхад наадмын Хурдан морины салбар комисс анхаарал хандуулж, хяналт тавмиагүй нь гайхмаар. Уул нь журмаараа бол болохгүй л баймаар.
Г.Аянга
оллоо.мн