Наадмын үеэр 433 зөрчил илрүүлжээ

Газрын даргын 2014 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн А/23 тоот тушаалаар Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлыг хангуулах 4 чиглэлээр 25 заалт бүхий төлөвлөгөө, баяр наадмын үеэр ажиллах улсын байцаагчдын хуваарь, баяр наадмын өдрүүдэд төв байранд болон төв лабораторид ажиллах ерөнхий болон хариуцлагатай жижүүрийн хуваарь, болзошгүй хордлого, хордлогот халдварын үед болон барилга, дэд бүтэцтэй холбоотой шуурхай мэдээллийн дагуу ажиллах улсын байцаагчдын хуваарийг батлуулан хэрэгжилтийг хангуулж ажиллаа.
Төлөвлөгөөт ажлуудыг хэрэгжүүлэх зорилгоор бэлтгэл ажлын хүрээнд “Үндэсний их баяр наадмыг угтаж хүнсний үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний газруудад хяналт шалгалт хийх” тухай удирдамжийн дагуу худалдаа үйлчилгээний 1022, нийтийн хоолны 261, хүнсний үйлдвэрлэлийн 14, авто тээврийн шалган бүртгэх 4 товчоо, малын худалдаа эрхэлж буй 156 тээврийн хэрэгсэл, нэгдсэн цэгт мал нядлах үйлчилгээ эрхэлж буй 12 иргэн, зөвшөөрөлгүй цэгт мал, түүхий эд, арьс шир, сүү, цагаан идээ худалдаалж буй 39 иргэн, зуслангийн бүсэд зөвшөөрөлгүйгээр нүүн ирж суурьшсан 4 өрх, нийт 209 аж ахуйн нэгж, 1321 иргэнийг шалгалтанд хамруулж, наадмын үеэр худалдаалагдах болон хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд хэрэглэх түүхий эд, хүнсний бүтээгдэхүүн болон уснаас 88 дээж 190 сорьц, малын гаралтай хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд үнэлгээ өгөх зорилгоор 18 дээж авч, нян судлал, хими, мал эмнэлгийн лабораторид шинжлүүлэн, шинжилгээний сорилтын дүнг үндэслэн улсын байцаагчийн 27 дүгнэлт гаргалаа.
Илэрсэн зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн 29 албан шаардлагыг 102 заалттай бичиж, биелэлтэнд нь хяналт тавин, 4 аж ахуйн нэгж 17 албан тушаалтан, 40 иргэнд 5,486,0 мянган төгрөгний шийтгэвэр ногдуулж барагдуулан, хугацаа дууссан 9 нэрийн 46710 төгрөгний бүтээгдэхүүн, хүнсэнд хэрэглэхэд зөвшөөрөгдөх хэмжээ шаарддаг, ходоодны хямрал, харшил, арьсны тууралт үүсгэж болзошгүй аюултай ангилалд хамаарах хүнсний нэмэлт будагч бодис агуулсан 4.5 кг чихрийг улсын байцаагчийн актаар хурааж, зөрчил бүхий 2 аж ахуй нэгжийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох арга хэмжээ авч, 143 аж ахуйн нэгж, 440 иргэнд мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.
Бэлтгэл ажлын төлөвлөгөөний дагуу Төв цэнгэлдэх болон Хүй 7 худгийн ариун цэврийн өрөөнүүд, гадна байрлах нийтийн бие засах газар, угаалтуурууд, ариутгах татуургын худагууд, бохирын цооногууд, хогийн цэгүүдэд 3% жавелионыг 20 литр автомакс дотор найруулж уусмал бэлтгэн ариутгах талбайнуудад шүршиж, хуурай хлораминыг цацаж эцсийн халдваргүйтгэл хийлгэн, хяналт тавьж ажиллаа.
Нийт 7 худагаас цэвэр усны шинжилгээ авахад, 1, 2, 3, 5 дугаар худгийн ус эрдсийн агууламж өндөр байгаа тул ундны зорилгоор удаан ашиглах боломжгүй байна.
Хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд үнэлгээ, дүгнэлт өгөх зорилгоор 59 дээж 118 сорьцыг авч НМХГазрын төв лабораторит шинжлүүлэн илэрсэн зөрчлийг үндэслэн “Хэгсакуа”, “Том цагаан”, “УБЗБ” ХХКомпаний үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсоон, шинжилгээний сорилтын дүнг үндэслэн улсын байцаагчийн 23 дүгнэлт гаргалаа.
Баяр наадмын үед худалдаа үйлчилгээнд ажиллах 206 аж ахуйн нэгжийн нийт 2891 хүний эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамрагдсан байдалд хяналт хийхэд 98,3 хувь хамрагдсан байсан бөгөөд шинээр 1492 хүнийг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамрууллаа.
Наадмын үеэр болзошгүй хордлого, халдварын үеийн бэлэн байдлыг шалгаж, баярын үед ажиллах яаралтай тусламжийн машин, эмч, эмнэлгийн ажилтануудын томилгоо, зохион байгуулалт хийгдсэн эсэх, яаралтай тусламжийн бэлэн байдал, эмчилгээ, үйлчилгээнд шаардагдах эм, эмнэлгийн хэрэгслийн хангамж, нөөц, халдвар хордлогын үед авах арга хэмжээний бэлэн байдал зэргийг шалгаж, бэлтгэл ажлыг хангуулан, хариуцлагатай ажиллах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.
Зөвшөөрөлгүй газарт малын худалдаа эрхэлж буй аж ахуйн нэгж, иргэдийн үйл ажиллагаанд эрчимжүүлсэн шалгалт хийх хуваарийн дагуу ажиллан мал худалдаалах нэгдсэн түр цэгийг зохион байгуулж байнгын хяналт тавьж ажиллан 132 зөрчил илрүүлэн арилгуулж ажилласан.
7 дугаар сарын 11-13-ны өдрүүдэд нийт 19 шинжээч, 108 улсын байцаагч, 1 эрх зүйч, 1 дотоод ажил хариуцсан мэргэжилтэн ажиллан, нийт 1666 цэгт хяналт хийснээс, нийтийн хоолны 1202, худалдаа үйлчилгээний 456, цэвэр усны сан, бие засах газар зэрэг цэгүүдэд хяналт тавьж ажиллаа.
Шалгалтын явцад нийт 433 зөрчил илрүүлж, газар дээр нь 225 зөрчлийг арилгуулж ажилласан байна.
Баяр наадмын үеэр хоол хүнстэй холбоотойгоор хоолны хордлого, хордлогот халдвар гараагүй, ХӨСҮТөвөөс авсан мэдээгээр хоолны хордлого гэсэн оноштой өвчтөн бүртгэгдээгүй байна.
Шалгалтаар махны 61, айрагны 23, нийт 84 дээж авч, улсын байцаагчийн 24 дүгнэлт гаргаж, хадгалалт, чанар, аюулгүй байдлын шаардлага хангахгүй болсон 62.5 кг мах, махан бүтээгдэхүүн, 7 кг гурил, 22 л айраг, 105 ш хуушуур, 36 ш өндөг зэрэг нийт 9 нэрийн 176ш, 645300 төгрөгийн бүтээгдэхүүнийг улсын байцаагчийн 9 акт үйлдэн хураан авч, устгуулах арга хэмжээ авч, илэрсэн зөрчлийг үндэслэн 7 иргэнд 786,000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч, зөвшөөрөлгүйгээр төв цэнгэлдэхээс 120 мянгатын автобусны буудал хүртэлх замд гар дээрээс хоол хүнсний бүтээгдэхүүн, айраг худалдан борлуулж байсан 28 иргэний үйл ажиллагааг НЦГ-тай хамтран таслан зогсоосон.
Төв цэнгэлдэхийн харьяа нийтийн бие засах газраас хуушуурын үйлчилгээ эрхэлж буй иргэдэд сав суулга угаах цэвэрлэх ус /хлоржуулсан/ түгээж байсан зөрчлийг таслан зогсоолоо.
Хүнсний худалдаа үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, иргэдэд зориулсан мэргэжлийн зөвлөмж бэлтгэн, 1000 ширхэгийг хэвлүүлэн тарааж, шалгалтанд хамрагдсан худалдаа үйлчилгээ, хоол үйлдвэрлэгчдэд эрхлэгчдэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаа.
Г.Уянга
оллоо.мн