Зээлийн батлан даалтын сан дахин “амилна”

Жижиг дунд үйлдвэрлэгчдийн хувьд бизнесээ өргөжүүлэхээр зээл авахад маш олон асуудалтай тулгардаг. Учир нь барьцаа хөрөнгөгүйн улмаас хүссэн зээлээ авч, бизнесээ өргөжүүлж, үйлдвэрээ шинэчилж чаддаггүй. Тухайн арилжааны банк нь барьцаа хөрөнгө шаарддаг. Ийм асуудлыг шийдэх гарц нь зээлийн батлан даалтын сан. Манайд жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн үйл ажиллагаанд шаардагдах санхүүжилтийн боломжийг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, иргэдийн орлогын тогтвортой эх үүсвэрийг хангах зорилго бүхий зээлийн батлан даалтын сангийн хуулийг 2012 онд баталсан. Ингэснээр жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид зээлийн батлан даалтын үйлчилгээ үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулж эхэлсэн юм.
Зээлийн баталгааны сантай 180 шахам орон байдаг. Дэлхий нийтээрээ тус санг хүлээн зөвшөөрсөн. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, ажилгүйдлийг бууруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулахад зээлийн баталгааны сангийн өгөөж өндөр гэж үздэг юм билээ.
2012 оны баталсан хуулиар Зээлийн батлан даалтын санд хандсан иргэд барьцаа хөрөнгөнийхөө 60 хүртэлх хувьд батлан даалт гаргуулах боломжтой бөгөөд 250 сая хүртэлх үнийн дүнгээр гаргах тухай хуульчилсан.
Ийнхүү батлан даалтын үйлчилгээг үзүүлж эхэлснээр 2014 оны эхний хагас жилийн байдлаар 11 тэрбум төгрөгийн батлан даалт гаргасан ч энэ нь 50 хүртэл ажиллагсадтай нийт 36800 аж ахуй нэгж, үйлдвэрийн 0.45 хувийг хамарч байгаа нь өнөөгийн хэрэгцээ шаардлагыг төдийлөн хангахгүй байгаа аж. Тиймээс УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Улаан "Зээлийн батлан даалтын сангийн тухай" хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг энэ сарын эхээр өргөн барилаа.
Учир нь Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас зээл, хүсэгч иргэн, аж ахуйн нэгжийн зээлд батлан даалт гаргах зорилгоор тус санд хөрөнгө хуваарилах, хөрөнгийг орон нутгийн зээл хүсэгч иргэдийн зээлд батлан даалт гаргах харилцааг журмаар зохицуулахаар тусгажээ.
Барьцаа хөрөнгийн дутагдалтай жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн үйл ажиллагаанд шаардагдах санхүүжилтийн боломжийг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, иргэдийн орлогын тогтвортой эх үүсвэрийг хангах үүрэг бүхий зээлийн батлан даалтын сангийн эрх зүйн үндсийг тогтоож, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид зээлийн батлан даалтын үйлчилгээ үзүүлэхтэй холбогдсон хуульд өөрчлөлт орох нь. Намрын чуулганаар хэлэлцэх энэ хууль зорилгоо биелүүлж чадвал монголын эдийн засагт томоохон хувь нэмэр оруулах нь дамжиггүй юм.
П.УНДРАМ
Оллоо.мн