Батлан хамгаалах яам тамирчдаа шагналаа

Төрт улс байгуулагдсаны 2223, Их Монгол Улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын 93 жилийн ойн баяр наадмаар амжилт гаргасан болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар шинээр цол хүртсэн Батлан хамгаалах, зэвсэгт хүчний зарим тамирчдад хүндэтгэл үзүүлэн, шагнал гардуулах ёслол Батлан хамгаалах яамнаа өнөөдөр боллоо. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Монгол Улсын дархан аварга” цол хүртсэн Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны дарга, хурандаа Г.Өсөхбаярыг “Батлан хамгаалахын тэргүүний ажилтан” цол, тэмдгээр шагналаа.
Мөн хүчит бөхийн барилдаанд 5 давж начин цолоо баталсан Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн тамирчин Р.Пүрэвдагва, Буриад сурын харваанд хүрэл медаль хүртсэн Монгол Улсын мэргэн, спортын мастер, Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн тамирчин С.Энхтунгалаг, Халх харваанд хүрэл медаль хүртсэн Монгол Улсын мэргэн, спортын мастер, Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн тамирчин, дэслэгч Б.Баярсайхан, Монгол Улсын спортын мастерийн болзлыг хангасан Б.Хатансайхан нар, Шүдлэн насны морины уралдаанд морио айрагдуулсан Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн малчин-уяач О.Батболд нар “Эх орны төлөө-II хүндэт тэмдэг”-ээр шагнуулж, Монгол Улсын төлөө, салбарын спортын амжилтын төлөө хичээнгүйлэн зүтгэхээ амлацгааж байлаа.