Дархан аваргуудын маргаанаас болж МҮБХ мэдэгдэл гаргалаа

Тулгар төрийн 2223, Их Монгол улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын 93 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааныг тун сонирхолтой сайхан болно хэмээн ард түмэн хүлээж суусан. Учир нь наадмын өмнөхөн Дархан аварга цолтон хоёроор нэмэгдэж, арваад жил зүлэг ногоон дэвжээнээ гараагүй А.Сүхбат аварга барилдах болсон зэрэг нь хүлээлт үүсгээд байсан. Тэгвэл наадамчин олны энэхүү хүлээлтийг А.Сүхбат аварга эвдэж орхисон. Тэрбээр нэгийн даваанаас эхлээд өөрийгөө зүүний манлайд гарах ёстой хэмээн хөлийн цэцүүдээр маргаан хийн гүйж байсан бөгөөд эцэст нь ялж зүүний манлайд гаран гурвын даваанд Дархан аварга Г.Өсөхбаярыг амлаж авсан ч барилдалгүй тахимаа өгсөн юм. Үүнээс үүдээд наадамчин олон бөхчүүдийн эрэмбэний асуудлыг ярьж эхэлсэн. Иймээс бөхчүүд болоод ард түмний дунд үүссэн Дархан аваргуудын эрэмбэний асуудлаар МҮБХ дараах мэдэгдэлийг гаргажээ.
Г.Өсөхбаяр, А.Сүхбат нар ижилхэн даян аварга цолтой байх үедээ нэг өдөр дархан аварга цолыг зарлигаар авч байгаа тул Монгол улсын Засгийн газрын 2003 оны 164 дүгээр тогтоолоор баталсан “Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийн 3.6.1-д “ижил цолтой бөхчүүдээс тухайн цолны болзлоо олон биелүүлснийг, энэхүү нөхцөл ижил байвал доод давааг олон давсныг эхэнд нь … эрэмбэлнэ” гэсэн заалтыг үндэслэн Г.Өсөхбаярыг эхэнд, А.Сүхбатыг удаад эрэмбэлсэн болно.Бөхчүүдийг цолны болзлоо хэн түрүүлж хангаснаар нь биш, илүү амжилттайг нь өмнө эрэмбэлэх зарчим тогтоон дээрх заалтаар баталгаажуулан мөрдүүлсэн нь бөхчүүд, олон түмний талархал хүлээсэн шударга шийдэл болсон юм.
Дээрх хоёр бөхийн тухайд даян аварга цолтой байхдаа Г.Өсөхбаяр улсын наадамд 3 удаа 8 давсан, 4 удаа долоо давсан бөгөөд энэ амжилтаараа улсын наадамд 3 удаа долоо давсан даян аварга А.Сүхбатын өмнө эрэмбэлэгдэх нь зөв юм. Хоёр бөх нэгэнт ийм эрэмбэтэйг ард түмэн олон жилийн турш мэдэж байсан болохоор Г.Өсөхбаярыг А.Сүхбатын ард эрэмбэлэх нь дүрэм зөрчсөн, олон түмний эсэргүүцэл, дургүйцэл төрүүлэх үйлдэл болох байсан билээ.Харин дархан аварга цол хүртсэний дараа амжилтаар эрэмбэлэхгүй байх тухай Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 7.9-д “ Энэ хуулийн 7.8-д заасан амжилтын эрэмбээр ам авах заалт нь дархан аварга цолтонд хамаарахгүй” гэж заасан байдаг. Энэ нь дархан аварга цолтой болсныхоо дараа барилдаж гаргасан амжилтаар дахин эрэмбэлэхгүй, хуучин эрэмбийг хадгална гэсэн заалт юм.
МҮБХ хорь гаруй жилийн турш улс төр, нутаг усны үзлээс Монгол бөхийг ангид байлгаж, Монгол бөхөд 40 гаруй шинэ зүйл бий болгон, шударга зарчмыг тууштай баримтлан ажиллаж байгаагаа ард түмэндээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
Жич: Хоёр бөхийн амжилтын эрэмбэ