Кыргызийн сөрөг хүчин Ерөнхий сайдынхаа айлчлалд шүүмжлэлтэй хандаж байна

Бүгд найрамдах Кыргыз улсын Ерөнхий сайд Джоомарт Кайпович Оторбаев Монгол Улсад айчиллаад буцсан. Гэвч түүний айлчлалыг Кыргыз улсын хэвлэлийнхэн болоод сөрөг хүчнийхэн шүүмжлэлтэй хүлээн авсан байна. Тодруулбал, “Тажикстан Кыргызийн хил дээр буудалцаж байхад эх орон руугаа яаралгүй, тав хоног амарлаа” гэж шүүмжилжээ. Мөн “эх орондоо ирчихсэн байгаа” гэж худалд мэдээлэл өгснөөр хэвлэлийнхний дургүйг хүргээд авсан бололтой.
Д.К.Оторбаев нь манай улсад энэ сарын 8-12-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийсэн. Түүний айлчлалын хөтөлбөрт Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нартай албан ёсны уулзалт хийх, мөн баяр наадмын үеэр Ерөнхий сайдын зочноор оролцож, Увс аймгийн Хяргас нуурт амрах зэрэг багтжээ.
Гэвч Кыргыз улсын сөрөг хүчнийхэн Ерөнхий сайдынхаа айлчлалыг үр дүнгүй хэмээн мэдэгдсээр байгаа аж. Харин Кыргызийн Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга нь “Ерөнхий сайд Д.К.Оторбаевын айлчлал үр дүнтэй болсон. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс эхлээд төрийн дээд албан тушаалын олон хүнтэй уулзсан. Уул уурхай, хөдөө аж ахуйн салбарт үнэтэй туршлага солилцсон” гэж мэдэгдсэн байна.
Мөн “Ерөнхий сайд тусгай онгоцоор явсан бол хүссэн цагтаа эх орондоо харьж ирэх боломжтой байлаа. Гэвч тэр жирийн иргэд шиг суудлын онгоцоор явсан учраас хүлээхээс өөр аргагүй болсон” гэж хэвлэлийнхний амыг тагласан байна.