Ховд аймаг спортын алдартнууддаа хүндэтгэл үзүүллээ

Ховдчууд энэ сарын 24-27-ны өдрүүдэд Галдан бошигт хааны мэндэлсний 370 жилийн ойг баруун бүсийн Их хурд наадамтай хамтатган тэмдэглэнэ. Энэ ойн баярын өмнөхөн буюу үндэсний их баяр наадмаар Ховд аймгаас хөдөлмөр бүтээлээ үнэлүүлж 2 гавьяат, 1 ардын багш төрөн гарсан юм.
Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар Соёл, спорт аялал жуулчлалын яамны харьяа Спортын бэлтгэлийн төвийн Үндэсний шигшээ багуудын ерөнхий дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч, Ховд аймгийн Алтай сумын харьяат А.Басхүү “Ардын багш”, Ховд аймгийн Биеийн тамир, спортын хорооны дасгалжуулагч Чоймпогийн Чойсүрэн “Гавьяат дасгалжуулагч” цол хүртэв. А.Басхүү чөлөөт бөхийн спортоос төрсөн 4 дэх “Ардын багш” бол Ч.Чойсүрэн орон нутгаас анх удаа энэ цолыг хүртсэн байна.
Шинэхэн алдартнуудыг Ховд аймгийн удирдлагууд аймагтаа ирсэн даруйд нь хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ.
Ардын багш А.Басхүүгийн хувьд чөлөөт бөхийн үндэсний шигшээ багт ахлах дасгалжуулагчаар ажиллаж байсан ба олон арван шавь нарынхаа амжилтын түүчээг залгамжлуулжээ.
Ч.Чойсүрэн гавьяат мөн Алтай сумын харьяат ба төгсөж ирсэн цагаасаа төрөлх нутагтаа ажиллаж дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт А.Энхээ, ОУХМ А.Тайван, МУ-ын заан, чөлөөт бөхийн ОУХМ Ч.Бямбадорж зэргийн олон шавь нараа дасгалжуулан улс, тив, дэлхийн их спортын тавцанд амжилт үзүүлэх гарааг нь тавьсан байна.