2030 он гэхэд ДОХ-ыг “устгана”

НҮБ-ын ДОХ-той тэмцэх хорооноос ийн мэдэгдлээ. Тус байгууллагын мэргэжилтнүүдийн тооцоолсноор энэ өвчнөөр өвчлөгсөд болон нас барагсдын тоо дэлхийн хэмжээнд буурч байгаа гэнэ. Гэхдээ ДОХ-ын вирус тээгч 35 сая хүний олонх эрүүл мэндийн үйлчилгээ авч чаддаггүйг сануулаад, эл асуудалд анхаарахыг олон улсын эрх баригчдаас хүсчээ.
Өнгөрсөн жил 2.1 сая хүн ХДХВ/ДОХын вирус тээгч хэмээн шинээр бүртгэгдсэн нь 2001 оныхтой харьцуулахад 38 хувиар буурсан үзүүлэлт гэнэ. Харин энэ өвчнөөр нас барсан хүний тоо өнгөрсөн гурван жилд таван хувиар буурсан нь өмнө нь байгаагүй тохиолдол аж.
Ийнхүү цаашид тогтвортой буурвал орчин цагийн хамгийн хөнөөлтэй тахал гэгддэг энэ өвчнөөр өвчлөгсдийн тоо 2020 он гэхэд огт өсөхөөргүй болж, 2030 он гэхэд вирусийн тархалтыг зогсоох боломжтой гэж НҮБ-ынхан үзжээ. Үүнд анагаахын ухааны хөгжил, эрт илрүүлэлт ч нөлөөлөх гэнэ. Мэргэжилтнүүдийн тооцоолсноор ХДХВ/ДОХ-ын вирус тээгчдийн 54 хувь нь өвчтэй гэдгээ мэддэггүй бол 63 хувь нь дархлаа сэргээх эмчилгээнд хамрагдаж чаддаггүй байна.