Германчууд баатруудаа марканд мөнхлөв
.jpg)
ДАШТ-д аваргалж, Алтан дагиныг дөрөв дэх удаагаа эх нутагтаа авчирсан Германы хөлбөмбөгийн шигшээ багийн ялалтыг тэмдэглэсэн таван сая гаруй маркийг тус улсын Сангийн яамны захиалгаар үйлдвэрлэжээ. Германы Сангийн сайд Вольфганг Шойбле “машин” гэгддэг үндэсний шигшээ багийнхнаа дэлхийн аварга болно гэдэгт итгэлтэй байсан тул бүр финалын тоглолтоос өмнө маркны загварыг гаргаж, хэвлэлтэд бэлтгэсэн гэнэ.
Ширхэг нь 0.60 еврогоор зарагдах шинэхэн марк өнөөдрөөс худалдаанд гарна. Түүхэн маркны эх загвар болон дардсыг багийн дасгалжуулагч, тоглогчид болон арын албаныханд дурсгасан байна. Багаа ялалтад хүргэсэн “баатар” бүрийг хүндэтгэх үүднээс марк дээр хэн нэгний дүрийг онцгойлон тодруулаагүй аж. Харин 60 гэсэн тоог товойлгон дүрсэлсэн нь тус улсын хөлбөмбөгчид анх дэлхийн аварга болсон 1954 оноос хойш 60 жил улирсныг тодотгожээ.