Агаарын тухай хууль утааг бууруулахад дэм болох уу

Наадмын дараа намар гэхээсээ илүүтэй утаа гэдэг үгийг сануулах болж. Нээрэн ч урин дулааны улиралд утааг мартчихдаг гэм биш зан. Гэхдээ албаныхны зүгээс агаарын бохирдлыг бууруулах чиглэлд олон төрлийн арга хэмжээнүүд авч байгаа ч төдийлөн үр дүн харагдахгүй байгаа юм.
Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын агаарын бохирдлын дийлэнх хэсгийг бүрдүүлж буй гэр хорооллын айл өрхийн тоо буурахгүй, жилд 5 орчим хувиар өсч, ялангуяа цахилгаан эрчим хүчний үнийг 50 хувиар бууруулах урамшууллын арга хэмжээнд хамрагдах өрхийн тоо тасралтгүй нэмэгдэж байна. Энэ хэрээр цахилгаан эрчим хүчний ачааллыг огцом өсгөж, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй аливаа ажлын үр дүнд нөлөөлж байгаа нь хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй нөхцөл шаардлага үүсээд байгааг харуулж байгаа юм.
Тиймээс энэ сарын эхээр УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд М.Сономпил УИХ-ын дарга З.Энхболдод Агаарын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барилаа.
“Агаарын тухай” хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь 2 зүйлтэй бөгөөд урамшууллын механизм, урамшуулал олгох хувь хэмжээг энэхүү хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.6 дахь заалтад шууд тусгаж өгсөн байна.
Энэхүү хууль батлагдсанаар цахилгаан халаагуур хэрэглэж урамшуулалд хамрагдаж байгаа өрхөд урамшуулал үзүүлэх хугацааг 18 цагаас 09 цаг байсныг өөрчлөн 22 цагаас 06 цаг болгон богиносгох эрх зүйн боломж бүрдэж, эрчим хүчний системийн оргил ачаалалд нөлөөлөх нөлөөлийг 5%-10% бууруулж, импортын цахилгаан эрчим хүчийг багасгах юм.
Ийнхүү хөнгөлөлт эдлэх нөхцөл шаардлагад өөрчлөлт оруулсанаар эрчим хүчний зүй зохистой хэрэглээ, хэмнэлтийг дэмжих ба улсын төсвөөс халамжийн хэлбэрээр гаргаж буй хөнгөлөлт багасах, эрчим хүчний салбарын санхүүгийн байдалд эерэгээр нөлөөлнө гэж хууль санаачлагч тайлбарлаж байгаа.
Тэгэхээр ирэх намрын чуулганаар Агаарын тухай хууль батлагдаж утааг бууруулахад бага ч гэсэн дэм болох нь ээ.
П.УНДРАМ
Оллоо.мн