Наадмаар 15 хүүхэд мориноосоо унаж бэртжээ

Үндэсний их баяр наадмаар улсын хэмжээнд 15 хүүхэд хурдан мориноос унаж бэртсэнээс гурван хүүхдийн биеийн байдал сайнгүй байна.

Тухайлбал Баянхонгор аймаг, Ховд аймгийн Дуут суманд мориноос унасан хүүхэд аймгийнхаа эмнэлэгт, Дундговь аймгийн Дэрэн сумын хүүхэд Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлүүлж байна.

Дэрэн суманд болсон сунгааны үеэр унасан хүүхдэд хамгаалалтын малгай, цээживч, тохойвч, өвдгөвч өмсүүлээгүй байсан нь илэрлээ. Иймээс зөвхөн баяр наадам гэлтгүй наадмын өмнөх сунгаа, үсэргээний үед хамгаалалтын малгай зэргийг өмсүүлэх шаардлагатайг уяач нарт зөвлөж байна.

Энэ жилийн үндэсний их баяр наадмын өдрүүдэд унаач хүүхэд хурдан мориноос унаж амь насаа алдсан тохиолдол гараагүй. Энэ нь наадмаас өмнө бүх шатны Засаг дарга, Монголын морин спорт, уяачдын холбоо, аймаг, орон нутаг дахь салбар хороод, Наадам зохион байгуулах комисс, хүүхдийн болон хөдөлмөр, нийгмийн хамгаалал хариуцсан байгууллага, ажилтнуудад Мэргэжлийн хяналтын байгууллагаас хүргэсэн зөвлөмж, байнгын хяналтын үр дүн гэж хэлж болно.

Цаашид олон сумын ой, бүсийн хурдан морины уралдаан болно. Иймээс унаач хүүхдийн амь нас, эрүүл мэндийг эрсдэлд орохоос сэргийлэх үүднээс стандартын шаардлага хангасан хамгаалалтын малгай зэргийг зайлшгүй өмсүүлэх, тухайн хүүхдийн эцэг, эхтэй гэрээ байгуулж, даатгал хийлгэсэн байхыг Мэргэжлийн хяналтын байгууллага анхааруулж байна.

Г.Уянга

оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button