Европын холбоо ОХУ-ын эсрэг хориг тавина гэв

Ослын газар мэргэжилтнүүдийг саадгүй нэвтрүүлэхэд Ерөнхийлөгч Путиныг цэргийнхэнд хамгийн чухал нөлөө үзүүлж чадна гэж гурван орны лидерүүд үзэж байгаа ажээ. Улмаар гурван улс нэн даруй цогцоснуудыг цуглуулж, ар гэрт нь аюулгүй хүргэж, сүйрлийн шалтгааныг тодруулахын тулд ОХУ-ын Ерөнхийлөгч Путин салан тусгаарлагчдад нөлөөлж, ятгах хэрэгтэй гэсэн байр суурьт санал нэгдсэн байна.
Хэрэв ОХУ тодорхой арга хэмжээ авахгүй бол өнөөдөр хийхээр төлөвлөгдөөд буй Европын холбооны гадаад хэргийн сайдуудын уулзалтаар Оросын эсрэг хориг арга хэмжээ авахаар болсон байна. Энэ яриа болсоны дараа Их Британийн Ерөнхий сайд Камерон ОХУ-ын Ерөнхийлөгч Путинтай утсаар ярьж, Орос улс Украины хямралыг шийдвэрлэх эсэх тал дээр дэлхий нийт анхаарлаа хандуулж буйг сануулж, арга хэмжээ авахыг хүсчээ.
Харин Ерөнхийлөгч В.Путин олон улсын хэмжээний шалгалт шинжилгээнд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн бөгөөд “Мөрдөн байцаалтын ажил дуусаагүй байхад яаран дүгнэлт гаргаж, улс төрийн хэмжээний мэдэгдэл хийхээс аль болох зайлсхийх хэрэгтэй” хэмээн онгоцны осолд босогчид болон ОХУ-ыг сэжиглэж буй Европ, Америкийн орнуудад анхааруулж, тэдний байр суурийг эрс шүүмжилжээ.
Мөн Германы Ерөнхий сайд Меркель ч гэсэн Оросын төрийн тэргүүн рүү утас цохисон аж. Тэрбээр Малайзын онгоцны сүйрлийн үнэн учрыг тайлахын тулд босогчид, Украин, Европын холбооны аюулгүй байдлын хамтын ажиллагааны байгууллага гэсэн гурван талын шууд яриа хэлэлцээрийг хэрэгжүүлэх үүднээс босогчдод нөлөөлөхийг дахин дахин хүсчээ.
Харин үүний хариуд Ерөнхийлөгч Путин “Бие даасан олон улсын судалгаа, шинжилгээ явуулахын тулд Украины Засгийн газар болон босогчид аль аль нь шинжээчдийн аюулгүй байдлыг хангах нь чухал болохыг онцлон тэмдэглэсэн” гэсэн бөгөөд зүүн этгээд дэх дайнаа зогсоохыг Украины армиас шаардаж байгаагаа илэрхийлжээ.
Харин Уильям Хейгийн халааг авч, энэ сарын 15-ны өдөр Их Британийн Гадаад хэргийн сайдаар томилогдсон Филипп Хэммонд ажлаа ОХУ-ын эсрэг нэмэлт хориг тавих асуудлаас эхэлж байна. Тэрбээр өнөөдөр Европын холбооны Гадаад харилцааны сайдуудын уулзалтад оролцож, ОХУ-д тавихаар зэхэж байгаа эдийн засгийн хориг арга хэмжээнийхээ талаар ярилцаж санал бодлоо солилцох юм байна.
Филипп Хэммонд энэ талаар “Ройтерс” агентлагт өгсөн ярилцлагадаа “ОХУ одоо баримталж байгаа байр сууриа өөрчлөхгүй бол бид Европ дахь холбоотнууддаа ОХУ-ыг эсрэг шинэ хориг тавихыг уриалах болно” хэмээн мэдэгдэж байсан юм. Ямартай ч энэ хэргийн жинхэнэ эзэн нь олдоогүй байхад Их Британи, Герман, Франц тэргүүтэй Европын холбооны орнууд ОХУ-ын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авах талаар яриад эхэлжээ.
Х.Батсайхан
МОНГОЛЫН МЭДЭЭ