Т.Мэндсайхан: Шүүгч өөрийн гаргасан шийдвэрт хариуцлага хүлээхгүй

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурлыг хийсэн билээ. Энэ хурлын дараа Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхантай зарим асуудлаар ярилцлаа.

-Давж заалдах шатны шүүх гурван аймгийн дунд нэг байгаа нь иргэдэд хүндрэл учруулж байна гэдэг. Энэхүү хүндрэлийг зохицуулах арга бий юу?

-Өнгөрсөн жилтэй харьцуулахад давж заалдах шатны шүүхэд хандаж, шийдвэрлэсэн хэргийн тоо өссөн байна Шүүхийн шинэчлэлийн хүрээнд шүүхийг эрүүгийн, иргэний, захиргааны гэж төрөлжүүлсэн. Ингэж төрөлжүүлснээр шүүгч шүүн таслах ажиллагаанд мэргэших боломжтой болж байгаа юм. Мөн гурван аймгийн дунд нэг давж заалдах шатны шүүх байна гэдэг нь эдийн засгийн талаасаа эерэг нөлөөтэй болсон. Гэвч шүүхийг төрөлжүүлснээр иргэдэд хүнрэлтэй, гомдолтой хандах асуудлууд үүсч байна. Гэхдээ үүнийг шийдвэрлэх хэд хэдэн арга бий. Тодруулбал, аймгуудыг хооронд нь шилэн кабелиар холбох. Ингэснээр аймгуудад байгаа шүүхүүд гэрч хохирогчдыг хурал оролцуулах нөхцөл бүрдэж эхэлнэ. Энэ намар гэхэд аймгуудыг шилэн кабелиар холбогдоно. Үүний дараа программ нь бэлэн болвол иргэдийг заавал бусад аймаг руу явуулахгүйгээр хурлыг зохион байгуулах боломжтой болно.

-Анхан шатны шүүхээс гаргасан шийдвэр давж заалдах шатанд хүчингүй болоод байна. Эндээс шүүгчдийн чадвар муу байна гэж хараад байна. Ингэж ойлгож болох уу?

– Үндсэн хуулиараа иргэн бүрт давж заалдах эрх нь нээлттэй байдаг. Энэ шатанд хэргийг бүхэлд нь хянадаг. Хянах явцад анхан шатанд алдаа гарсан байвал засах боломжийг иргэддээ үндсэн хуулиар олгож буй, тэдний эрхийг хамгаалсан том арга хэмжээ юм. Шат шатны шүүхийн шийдвэр өөр гарах маргаан үүсэх явдал бусад улс оронд ч байдаг. Гэхдээ маргаан хэр зэрэг өргөн хүрээнд вэ гэдгийг авч үзэх хэрэгтэй. Манайд маргаан түвшин нь өндөр байгаа учраас засахын тулд хуульд өөрчлөлт оруулах, шинэ шүүгчдийг сургахад онцгой анхаарч байгаа. Шүүхийн шинэчлэл ч үүнд чиглэж байгаа. Үүний хүрээнд нэлээд шүүгчдийг шинээр томиллоо. Мөн шүүгчийн ёс зүйн хороо ажлаад эхэлсэн байна. Шүүгчийн алдаа оноонд үнэлэлт дүгнэлт өгөх олон байгууллага зэрэг ажиллаж байгаа учраас дээрх алдаа дутагдлууд багасна гэж үзэж байгаа.

-Тэгвэл шүүгч алдаа гаргасан тохиолдолд ямар хариуцлага хүлээлгэх вэ?

-Хуулиараа шүүгч бүрэн эрхийнхээ хүрээнд өөрийн гаргасан шийдвэртээ хариуцлага хүлээдэггүй. Хэрэв хариуцлага хүлээлгэдэг бол шүүгчийн бие даасан хараат бус байдалд нөлөөлдөг. Манай улсад үйлчилж байгаа хуулиар үндэсний шүүхийн шүүгчийн гаргасан шийдвэр давж заалдах шатанд хэрэгсэхгүй боллоо гэхэд шүүгчид хариуцлага тооцдог сестэм байхгүй байгаа. Шүүх нь анхан, давж заалдах, хяналтын шатандаа бүгд л бие даасан байна. Хэрвээ шүүгчийн шийдвэрт хяналт тавиад эхэлбэл бие даасан байдлаа алдаж эхлэх юм. Гэхдээ хариуцлага тооцдог олон арга бий. Үнэхээр шүүгч ёс зүйн алдаа гаргасан байх юм бол ёс зүйн хороо нь тухайн шүүгчид хариуцлага тооцдог арга бий.

-Тэгвэл шүүгч нартай холбоотой олон гомдлуудыг хэрхэн шийдвэрлэсэн бэ. Ямартай ч шүүгч нар хариуцлага тооцож ажлаас нь халсан тохиолдол байхгүй гэж ойлголоо?

-Шүүгч нарт шууд хариуцлага тооцож, халах, огцруулах асуудал хуульд байхгүй. Харин ёс зүйн хороо шийдвэр гаргасан тохиолдолд л шүүгчийг чөлөөлөх, бүрэн эрхийг цуцлах тухай яригдана. Өөр бусад тохиолдолд шүүгчийн бүрэн эрхэд халдсан асуудал яригдах юм.

– “Г.Сарангэрэл шүүгчээ сольё гэсэн шалтгаанаар хоригдохоор боллоо. Шүүгч хувийн шалтгаанаар хуралд хандлаа” гэж өмгөөлөгч нь мэдэгдсэн байсан. Энэ тохиолдолд ямар тайлбар хийх вэ?

– Б.Мөнх-Эрдэнэ шүүгч хуулийн дагуу бүрэн эрх нь хамгаалагдсан байгаа. Харин шүүгчдэгч хуулийн дагуу үндэслэлтэйгээр шүүгчээсээ татгалзаж болно. Гэвч энэ тохиолдолд шүүгчээс татгалзах үндэслэл нь хуулийн дагуу байсангүй гэж үзсэн. Үнэхээр Б.Мөнх-Эрдэнэ шүүгчид ёс зүйн зөрчил байвал ёс зүйн хороонд нь өгч шалгуулах бүрэн боломжтой.

Ами

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button