“Ралли Монголиа 2014”-т Монголын эмэгтэй 5 мотоцикльч оролцоно

Японы “SSER” байгууллагаас “Монголын автомашин, мотоциклийн спортын холбоо”-той хамтран Монгол Улсад 20 дахь жилдээ “Ралли Монголиа 2014”, автомашин, мотоциклын холын зайн олон улсын уралдааныг ирэх наймдугаар сарын 10-17-нд зохион байгуулах гэж байна.

Уг уралдаан найм хоногийн хугацаанд 4000 орчим километр замд үргэлжилдэг юм. Уралдаан энэ жилийн хувьд Говьсүмбэр, Өвөрхангай, Архангай аймгийн нутаг дэвсгэрт болно.

“Ралли Монголиа” мотоциклийн олон улсын уралдааныг 1995 оноос хойш жил бүр уламжлал болгон явуулахдаа ихэвчлэн говийн бүсэд голлон зохион байгуулагдсаар иржээ.

 

Энэ жилийн хувьд уг уралдааны мотоциклын ангилалд “Монголын эмэгтэй мотоциклчдын бүлгэм”-ийн тамирчин Х.Оюунтуяа, Ч.Батцэцэг, Г.Батцэцэг нар болон “Эко мотоспорт” аяллын клубын тамирчин Ундрал, “Наката моторс” клубийн тамирчин Хишигжаргал нарын бүсгүйчүүд “Ралли Монголиа" уралдаанд өрсөлдөхөөр бэлтгэл, сургуулилтаа базааж байна.

Сонирхуулахад, “Монголын эмэгтэй мотоцикльчдын бүлгэм” (MЭМБ) нь 2013 оны долдугаар сард байгуулагдсан ба Монголын мотоспортын уралдаан, тэмцээнүүдэд албан ёсоор эмэгтэйчүүдийн ангиллыг бий болгоход түлхэц үзүүлэх, эмэгтэй тамирчдыг бэлтгэх, цаашлаад олон улсын чанартай мотоциклын уралдаануудад Монголын эмэгтэй тамирчдын оролцоог нэмэгдүүлэх зорилготой юм.

Г.Уянга

оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button