“Continental Cup” Олон Улсын залуучуудын спортын наадмаас хүрэл медальтай ирлээ

АНУ-ын Клевлэнд хотноо болсон “Continental Cup” Олон Улсын залуучуудын спортын наадамд амжилттай оролцож, хүрэл медаль хүртсэн өсвөрийн сагсан бөмбөгийн тамирчид өнөөдөр мэдээлэл хийлээ. Уг тэмцээн нь ес дэх жилдээ болж байгаа ба 228 багийн 3200 гаруй тамирчид өрсөлджээ. Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо энэ жил U13, U15, U18 насны эрэгтэй, эмэгтэй таван багийг бэлтгэн “Continental Cup”-д оролцуулсан юм.
Тэднээс U13 насанд өрсөлдсөн охидын баг хүрэл медаль хүртсэн бол U15 насны охидын баг VI байрт, U13 насны хөвгүүдийн баг VII байрт шалгарсан амжилт үзүүлжээ. U13 насанд өрсөлдсөн охидын баг хэсэгтээ АНУ-ын тав, Канадын нэг багтай тоглож, гурван хожил авснаар медалийн төлөө тоглох эрхийг авчээ. Улмаар Нью-Йоркоос ирсэн хоёр багийг тус бүр 61:46, 43:35 оноотойгоор, Охайо мужийн “Youth Tiger Extreme” багийг 50:37 харьцаатай буулган авсан байна. Тэд Нью-Йоркийн “Western NY Shock” багтай хожил тэнцсэн ч, онооны зөрүүгээр гуравдугаар байр эзэлж, хүрэл медаль хүртсэн аж.
Мөн U13 насны хөвгүүдийн баг 7-р байранд шалгарахдаа Охайо мужийн “SELBA Beasts” багтай тоглож, 60:42 харьцаатай хожсон бол U15 насны охидын баг VI байр эзлэхдээ зохион байгуулагч мужийн “Air Attack-Tennefoss” багийг 43:32 харьцаатайгаар хожсон байна.Харин U15, U18 насны эрэгтэй багууд АНУ-ын хүчирхэг багуудтай тоглон ялагдал хүлээсэн байна. Гэсэн ч тэд Америкийн хамгийн хүчирхэг оюутны лиг болох NCAA-н багуудын экспертүүдийн анхааралд өртсөн тухай мэдээллээ.
Ами
Оллоо.мн