Хууль бус өмч хувьчлалын хэрэгт Ц.Батбаярыг буруутгаж 2 жилийн ял оноолоо

Дүүргийн анхан шатны нэгдүгээр шүүх Өмч хувьчлалыг хууль бусаар явуулж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргийг хянан хэлэлцлээ. Энэ хэрэгт Нийслэлийн Засаг дарга асан Ц.Батбаяр, НИТХ-ын дарга асан Т.Билэгт, Нийслэлийн өмчийн харилцааны газрын Өмч хувьчлалын хэлтсийн дарга асан Г.Маналжав болон Ц.Чанцал(Ц.Батбаярын дүү) нар холбогдон гурван жилийн турш шалгагдах болсон билээ.
Шүүхээс Ц.Батбаярыг Нийслэлийн Засаг дарга болон Өмч хувьчлалын комиссын даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэм буруутай хэмээн үзэж чанга дэглэмтэй хорих ангид 2 жил 1 сар хорих ял шийтгэсэн бол НИХТ-ын дарга асан Т.Билэгтийг гэм буруутайд тооцсон ч 2009 оны өршөөлийн хуульд хамруулж хэргийг хэрэгсэхгүй болголоо. Мөн түүнчлэн Нийслэлийн өмчийн харилцааны газрын Өмч хувьчлалын хэлтсийн дарга асан Г.Маналжав, Ц.Батбаярын дүү Ц.Чанцал нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Авлигатай тэмцэх газар 2011 оноос уг хэрэгт мөрдөн байцаалт явуулж эхэлсэн байдаг бөгөөд хэргийг хянах явцад Ц.Батбаярыг нийслэлийн Засаг дарга, Өмч хувьчлалын комиссын даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа ашиглаж, 605 сая төгрөгийн үнэлгээтэй “Өргөө” зочид буудал НӨҮГ-ыг татан буулгаж, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хүү Э.Батшугарын нэр дээр байгуулсан “Хар дун” ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн. Улмаар уг компанийг Н.Энхбаярын үүсгэн байгуулсан “Эскон” ХХК-ийн охин компани болгон шилжүүлэн үрэгдүүлж, Нийслэлийн өмчид онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг гардан үйлдсэн болохыг тогтоосон байна. Мөн Нийслэлийн өмчийн харилцааны газрын Өмч хувьчлалын хэлтсийн дарга бөгөөд Өмч хувьчлах комиссын нарийн бичгийн дарга Г.Маналжавтай бүлэглэн төрсөн дүү Ц.Чанцалд 779 сая төгрөгийн өртөг бүхий Сэргээн засах клиник эмнэлэг НӨҮГ-ыг үндэслэлгүйгээр 256 сая төгрөгөөр буюу бага үнээр тогтоон хувьчилж, Нийслэлийн өмчийг үрэгдүүлсэн болохыг тогтоосон байна.
Т.Билэгтийн хувьд ч мөн адил Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчдийн дарга бөгөөд Нийслэлийн өмч хувьчлах комиссын даргын албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улсад багагүй хохирол учруулсан болохыг мөрдөн байцаалтын явцад тогтоосон юм. Гэвч Т.Билэгт нь мөрдөн байцаалтаас зайлж, гадны оронд орогноод байсан учраас олон улсын цагдаагийн байгууллага болох Интерполоор эрэн сурвалжилж байсныг санаж байгаа байх. Улмаар Т.Билэгтийг эх оронпоо газардах үед нь баривчилж байв. Гэхдээ түүний биеийн байдал тааруу байсан учраас мөрдөн байцаалтыг гадуур явуулахаар болсон байдаг билээ.
Ами
Оллоо.мн