Н.Батцэрэг Өвөрхангайд, Д.Хаянхярваа завханд явна

Харин Ч.Хүрэлбаатар улсын баяр наадмын түрүү бөх, нутаг нэгт Н.Батсуурийн цолны найрыг зохион байгуулахаас эхлээд Увсын түүхт ой тохиож байгаа сумдын наадам хэсч яваа гэнэ. С.Бямбацогт, Д.Батцогт, Д.Дэмбэрэл нар Ховд аймагт болох баруун бүсийн даншиг наадам үзэж сонирхохоор нутгийн зүг жолоо залсан бол Б.Гарамгайбаатар Хэнтийд, Ж.Энхбаяр Говь-Алтайд, М.Зоригт Сүхбаатар аймагт амрах, ажиллахыг зэрэгцүүлж явна. Х.Болорчулуун Дорнод аймагтаа гурван сумын түүхт баярт оролцож хүндэтгэл үзүүлснээс гадна одоо нэг сумын ой болохыг нь хүлээж суугаа сураг байна.
Хаврын чуулганы хуралдааны туршид “асуудалтай” явсан Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Төв аймгийн зарим сумын баярт оролцоод саяхан нийслэлд ирсэн бол Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав Дорноговьд томилолтоор ажиллажээ. Тэрээр удахгүй тойрог болох Завханы зүг явахаар зэхэж суугаа гэнэ. Тойрогтоо ажиллаад завгүй яваа С.Баярцогт гишүүн өчигдөр нийслэлд өнжсөн бол өнөөдөр Сэлэнгэ явах сурагтай байв. Сэлэнгэ аймгийн долоон сумын түүхт ой тохиож байгаа учраас тэрээр нутгийн зон олонтойгоо наадамлахаар явсан нь энэ. Тэгвэл Д.Хаянхярваа гишүүн Завхан аймагт гэр бүлийнхэнтэйгээ хамт Отгонтэнгэр хайрханыг үзэж сонирхон яваа бол Г.Уянга гадаадад зугаалж байна.
Харин Хөвсгөлийн Л.Энх-Амгалан гишүүн энэ зуныг тун бүтээлчээр өнгөрүүлж буйгаа өөрийн цахим хуудаснаа бичжээ. Тэрээр УИХ-ын гишүүн болсноосоо хойш цалингаа цуглуулаад “Оюунлаг Хөвсгөлчүүд” гэдэг төрийн бус байгууллага байгуулсан юм байх. Энэ төв нь амжилттай суралцаж яваа нутгийнхаа оюутан залууст сургалтын тэтгэлэг олгодог байна.
Зуны зугаатай өдрийг зусланд өнгөрөөж буй гишүүд гэвэл Б.Болор, О.Баасанхүү, З.Баянсэлэнгэ нар. Б.Болор гишүүн “Охиныхоо хамт зуслангийн гэрээ сахиж байна” гэсэн тайлбартай зураг, З.Баянсэлэнгэ гэр бүлийнхэнтэйгээ хамт шорлог хийж идэж буй зургаа цахим хуудаснаа нийтэлжээ. УИХ-ын байнгын хорооны дарга Ц.Оюунбаатар, Ц.Цолмон гишүүн хоёр өчигдөр ОХУ-ын Улаан-Үдийг зорьсон. Тэд Улаан-Үд хотод суугаа Монголын Консулын газрын үйл ажиллагаатай танилцаж, тэнд ажиллаж амьдарч байгаа иргэдтэй уулзахаар товложээ.
Д.БОЛОР
ЗУУНЫ МЭДЭЭ