Гэр хороолол ийм байж болдог юм байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хо­тын Захирагч Э.Бат-Үүл  “Ажлын хэсэг бай­гуу­­лах тухай” захирамж гар­гаж байсан нь саяхан. Эдүгээ­гээс дөрвөн сарын өмнө гар­сан Захирамжийн дагуу нийс­лэлийн эдийн засаг, нийг­мийн 2014 оны зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Баянгол дүүр­гийн 16 дугаар хорооны ну­таг дэвсгэр Гандан орчмын да­хин төлөвлөлтийг нийслэлд аялал жуулчлал хөгжүүлэх бодлогын зорилттой уялдуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан нь энэ байв.

Тус ажлын хэсгийн даргаар Ц.Энх­цэнгэл ажиллахаар томилогдсон бөгөөд Аялал жуулчлалын газар, нийслэлийн Соёл, урлагийн га­зар, нийслэлийн Ерөнхий тө­лөвлөгөөний газар зэрэг хол­богдох албаныхан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орсон байсан юм. Энэ хүрээнд Гэр хорооллын нөхцөл сайжруулах төслийг хэрэгжүүлэхээр болж, Эдийн засаг хөгжлийн яам, “Гудамж” төслийнхөн гардан хэ­рэгжүүлэхээр болсон. Тэгвэл уг төслийн хүрээнд хийгдсэн анхны жишиг гудамж бүтээх ажил дууссан гэх сайхан мэ­дээлэл дуулдлаа. Хоёр сар үргэлжилсэн нөр их ажил дуусч, өнөөдөр албан ёсоор нээлтээ хийхээр болсон бай­на.

Нээлтийн ажиллагаа өнөө­дөр 12.00 цагт болох юм бай­на.  Энэхүү гудамжны зураг төс­лийг “Нью Урбанизм” ХХК хийж, гүйцэтгэгчээр “Их зам бүтээн байгуулалт” ХХК ажил­лажээ. Харин зөвлөх багаар Японы “Си Ти Ай инженеринг интернэйшнл” ХХК ажилласан аж. Японы талын зөвлөх баг өмнө нь “Нарны гүүр”-ийн ажилд зураг төслийг хийж, технологийн зөвлөгөө өгч ажил­лаж байжээ. Төслийн хү­рээнд Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг, Ган­дангийн дэнж, Орхоны V гу­дамж өнгө төрхөө өөрчилж, ша­вар шалбаагнаасаа салж, нүү­рээ угаасан мэт болжээ. Бүр гудамжны бүх айл хашаагаа ижилсүүлж, явган хүний зам, автомашины чулуун замыг байгуулж гэрэлтүүлгийг ч бүрэн шийдсэн байна.

Гэр хорооллыг ийм сайхан болгож болдог юм гэдгийг Ган­дангийн дэнжийн энэ гу­дамжнаас харж болно. Даш­рамд дурьдахад, эдү­гээгийн Ган­дантэгчэнлин хийдийн ор­шин буй өндөрлөг газрын анх­ны нэрийг Далхын дэнж гэдэг байжээ. Нэрний учир бо­лоод үүх түүхийн талаар Ган­дантэгчэнлин хийдийн Даш­­чойнпэл дацангийн гавж Ц.Лувсан гуай өгүүлсэн байдаг. Түүний өгүүлснээр “…Гандан хийд энд байгуулагдахаас бүр өмнө энд Далх хэмээх нэгэн хүн гэр бүлийн хамтаар амьдарч байжээ.

Тэрбээр нэг удаа гурван хонь муулах хэрэг гараад эхний хоёр хонийг төхөөрч дуусаад байтал эхнэр нь хоолоо ид хэмээн дуудсан аж. Далх хоолоо идсэний дараа үлдсэн хонийг төхөөрье хэмээн бодоод хутгаа тэндээ орхиод гэртээ оржээ. Гарч ирээд хутгаа хайсан чинь олддоггүй гэнэ. Гэтэл нөгөө үлдсэн ганц хонио босгох гэсэн чинь босч өгөхгүй байжээ. Өргөөд хажуу тийш болгосон чинь харин хутга нь хонины хэвтэр дор байна гэнэ. Тэгээд Далх боджээ. Ухаангүй адгуус хүртэл амиа хамгаалж хутга дараад хэвтсэн байхад ухаантай хүн би амьтны амь хороож байх ч гэж хэмээн бодоод “Үүнээс хойш амьтны амь таслахгүй” хэ­мээн шийджээ.

Тэр тухай яриа түүхийг тавдугаар богд сонссон тул “Энэ дэнж эгэл хүнийг бодь сэтгэлтэй бол­госон адистидтай газар” хэ­мээн үзээд Гандантэгчэнлин хий­дийг энд байгуулсан бөгөөд энэ газарт олон бодисадва нар тө­рөх юм хэмээн бэлгэшээн айлд­сан гэдэг” хэмээжээ. Ийм л сайхан түүхтэй газарт, олон бодисадва төрөх учиртай түү­хэн нутгийг өнөөгийн иргэд бид өөрчилж, засч авахгүй бол хэдий болтол шавар шалбааг, хогтойгоо хутгалдах билээ. Ямартай ч эхний ээлжинд нэг гудамжаа заслаа, ирээдүйд бүх гэр хороолол ийм болно гэдэгт итгэлтэй байна.

Э.Туул

МОНГОЛЫН МЭДЭЭ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button